Токиогийн загварын долоо хоногийн тайзан дээрх Монгол гэр олны анхаарлыг татав

М.Батчимэг, ikon.mn
24 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Rakuten Fashion Week TOKYO

Энэ Даваа гарагт Япон Улсын Токио хотноо болсон "Rakuten Fashion Week TOKYO" буюу 2027 оны хавар, зуны цуглуулгуудыг танилцуулдаг Токиогийн загварын долоо хоногийн хөтөлбөрийг нээсэн "yoshiokubo" брэндийн загварын шоуны үеэр тайзны голд зассан Монгол гэр олны анхаарлыг татжээ. 

Энэ талаар тус загварын долоо хоногийн албан ёсны хуудаст "Эхний арга хэмжээг эхлүүлсэн "yoshiokubo" брэнд зочдод тун өвөрмөц, нарийн зохион байгуулалттай үзүүлбэрээр гэнэтийн бэлэг барьсан. Танхимд орж ирсэн хүмүүсийн анхаарлыг хамгийн түрүүнд татсан зүйл нь талбайн яг төвд барьсан асар том майхан байв. Монголын нүүдэлчдийн ашигладаг “гэр” хэмээх уламжлалт зөөврийн сууцыг энэхүү арга хэмжээнд зориулан Hikarie-ийн танхимд барьжээ" гэсэн байна. 

Японы дизайнер Ёшио Кубийн "yoshiokubo" брэндийн танилцуулсан уг цуглуулгын нэр нь "Natural Born Nomads" бөгөөд энэхүү цуглуулгын санаа нь дизайнер  Ёшио Куб Лос-Анжелесийн эрэг дагуу гүйж буй нэгэн залууг ажигласнаас төржээ. Түүний ямар ч хүчин чармайлтгүй мэт хөнгөн гүйж буй байдлаас дизайнер хязгаарлагдаагүй нүүдэлчний сүнсийг мэдэрсэн гэж онцолсон байна. 

Өөрөөр хэлбэл уг цуглуулга нь аль нэг үндэстнийг бус нүүдэлчин гэх ойлголтыг орчин үеийн хөдөлгөөн, эрх чөлөөний бэлгэдэл болгон илэрхийлжээ.

Загварын шоунд ашигласан гэрийг Япон улс дах "Ger camp" буюу Монгол гэрийг төрөл бүрийн эвент, зураг авалт, кемп болон хувийн хэрэглээнд ашиглуулах зориулалтаар түрээслэх болон худалдан борлуулдаг компаниас авчээ.

Тус компанийн Монголтой үүсгэсэн холбоо харилцаа нь 2010 оноос эхлэлтэй аж. Тэд уламжлалт Монгол хийцийн гэрүүдээ Монголоос импортлон авдаг ба нэг өдрийн түрээс нь 9,000 иен байдаг байна.