Техраны дэглэмийг эсэргүүцсэн Ираны хоёр хөлбөмбөгчин Австралийн иргэн болжээ
Өнгөрсөн гуравдугаар сард Австралид зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн Азийн цомын төлөө хөлбөмбөгийн тэмцээнд оролцсон Ираны багийн долоон гишүүн эх орондоо буцахаас татгалзаж, улс төрийн орогнол хүсэж байсан юм.
Тэдний тав нь сүүлд бодлоо өөрчилснөөр гэртээ харьж байлаа.
Тэгвэл үлдсэн хоёр нь болох 34 настай Атефех Рамезанисадех, 22 настай Фатемех Пасандидех нар Лхагва гарагт Күйнслэнд мужийн Брисбэнь хотноо Австралийн иргэний батламжаа гардан авчээ.
Рамезанисадех үүнийг “үнэхээр онцгой бөгөөд мартагдашгүй өдөр” гэж тодорхойлсон бол Пасандидех “энэ мөчийг үгээр илэрхийлэх аргагүй” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.
Ираны эсрэг АНУ, Израилийн дайн эхэлснээс хэдхэн хоногийн дараа болсон нээлтийн тоглолтын үеэр тэд улсынхаа төрийн дууллыг дуулахаас татгалзсан бөгөөд үүнийхээ төлөө эх орондоо шийтгүүлэх аюултай тулгарч байжээ.
Тухайн үед Ираны төв телевизийн хөтлөгч тэднийг “урвагчид” хэмээн цоллож байлаа.
Буцахаар шийдсэн тоглогчдын ар гэрийнхэн Техраны дэглэмийн дарамт шахалтад орсон гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байв.
Тэднийг буцахаар болсны дараа Ираны спортын яам “үндэстнээ гэх сэтгэл, эх оронч үзлээрээ дайсны төлөвлөгөөг яллаа” хэмээн магтаж байжээ.
Нөгөө талаас цагаачлалын хатуу бодлого хэрэгжүүлэхээ амласан Австралийн засгийн газар ч бас олон нийт болон сөрөг хүчний дарамт шахалтад өртөж байсан юм.
Иргэний батламж гардуулах ёслолын арга хэмжээнд Австралийн дотоод хэргийн сайд Тони Бурке оролцжээ.
Хоёр тоглогч өнгөрсөн хугацаанд А лигийн Brisbane Roar багт бэлтгэлээ хангаж байсан юм. Тэд цаашдаа Австралийн мэргэжлийн спортод замналаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

