ХААН Банк Ногоон нуур орчмыг тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
🌲ХАМТДАА БҮТЭЭХ НОГООН ӨВ: “ХААН ПАРК” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ЯМАР БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?
ХААН Банк 35 жилийнхээ ойгоор энэ жил орон даяар нийт харилцагчдадаа зориулан талархлын арга хэмжээ, хөнгөлөлт урамшуулал, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр бэлэг барьсаар байна. Тэгвэл ойн хүрээнд нийслэлчүүддээ зориулан нэгэн томоохон төсөл эхлүүлсэн нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд бүтээн байгуулж буй “ХААН Парк” цэцэрлэгт хүрээлэн юм.
Иргэд тус цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод өөрийн саналаа өгөх боломжтой бөгөөд хамгийн олон ирсэн саналыг цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтөд тусгана. Өөрөөр хэлбэл “ХААН Парк” бол ХААН Банкны зүгээс нийслэлчүүдтэй хамтдаа бүтээх ногоон орон зай юм. Та ЭНД дарж саналаа өгч шинэхэн цэцэрлэгт хүрээлэнг хамтдаа бүтээлцэхэд хувь нэмрээ оруулаарай. Цэцэрлэгт хүрээлэнг 2027 онд иргэдэд хүлээлгэн өгнө.
🌳5.5 ГА НОГООН ОРОН ЗАЙН ТӨЛӨВЛӨЛТ
Нийслэлийн шинэ суурьшлын бүсийг түшиглэн төлөвлөж буй тус цэцэрлэгт хүрээлэн нь Ногоон нуур орчмын бүсийг сэргээн тохижуулж, иргэдэд амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, гэр бүлээрээ ая тухтай цагийг өнгөрүүлэх ногоон орон зайг бий болгох зорилготой.
Нийт 5.5 га талбай бүхий тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, нуур, гүйлтийн болон дугуйн зам, авто зогсоол, задгай театр, 3х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон тоглоом, дасгалын талбай зэрэг олон нийтэд зориулсан орчныг төлөвлөөд буй.
📍ЯАГААД НОГООН НУУР ГЭЖ?
Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор төвлөрч, шинэ суурьшлын бүс бий болсон ч нийтийн ногоон байгууламж, иргэдийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зайн хүртээмж харьцангуй бага байна. Үүний зэрэгцээ Ногоон нуур орчим нь хотын үерийн усны урсгалыг сааруулах, хуримтлуулах инженерийн байгууламжтай, байршлын хувьд өндөр ач холбогдолтой чухал бүс юм. Иймд хотын төлөвлөлттэй уялдуулан тухайн орчныг ногоон байгууламж бүхий хүүхэд залуус, олон нийтэд хүртээмжтэй цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж, цаашид олон жил ашиглах ногоон өв болгон үлдээхээр зорьж байна.
💚НОГООН ХӨГЖИЛД ХАМТДАА
ХААН Банк 2025 онд тогтвортой байдлын стратегиа баталж, 2030 он хүртэл хэрэгжүүлэх 20 зорилт тодорхойлсны нэг нь улсын хэмжээнд нийт 6 сая ширхэг мод тарих амлалт юм. ХААН Банк 2007 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж буй “ХААН Банкны ой” хөтөлбөрийг энэ онд ч тууштай үргэлжлүүлж, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Сэлэнгэ аймагт ойжуулалтын төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран ажиллаж буй билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд зөвхөн мод тариад зогсохгүй, тарьсан моддыг гурван жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагууд арчилж, нөхөн сэргээлтийн үр дүнг баталгаажуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлдгээрээ онцлог юм.
ХААН Банк хувийн хэвшлийн байгууллагуудаас анхлан компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг 2007 онд байгуулсан бөгөөд нийгмийн бүхий л салбарт бодит үр дүнгээ өгөхүйц 540 гаруй төсөл, хөтөлбөрийг 60 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлээд байна.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

