СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 9 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 33 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 7 иргэний амь нас, 52.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
Тухайлбал энэ сарын 2-ны өдөр 9 настай хүүхэд “Мишээл” экспогийн урд талд Туул голын эрэг дээр тоглож байх үедээ усанд сэлэхээр ороод хөл алдан 150-200 метр урсаж бургаснаас зүүгдсэн байдалтай байсныг эсэн мэнд аварчээ.
Харин Гачууртын эцэс Туул голын усанд иргэн живж амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан байна.
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагах
- Гэнэтийн хүчтэй түр зуурын аадар борооны үед үер, усны аюулаас сэргийлэх
- Хол, ойрын замд баталгаат зам, гүүрээр зорчих
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчтай үлдээж аюулгүй байдлыг нь хангахыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас зөвлөлөө.
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүлийн бүрэлдэхүүн өдөр Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
