FIFA-г "лоббидсон" Трамп өөрийн багийн гол довтлогчийн улаан хуудасны торгуулийг цуцлуулжээ
АНУ-ын шигшээ багийн довтлогч Фоларин Балогун өмнөх шатанд Босни ба Херцеговины багийг хожсон тоглолтод улаан хуудас авсны улмаас энэ долоо хоногт Бельгийн багтай хийх шөвгийн 16 багийн тоглолтод оролцох эрхгүй болсон юм.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн багийн тамирчны улаан хуудсыг цуцлуулахаар Лхагва гарагаас хойш гурван удаа FIFA-гийн удирдлагуудтай утсаар ярьсан байна.
Хэрвээ Балогун тоглолтыг алгасах юм бол АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-ий шөвгийн наймын шатанд шалгарахад тун хүнд болох байв.
Балогун өмнөх тоглолтуудад гурван гоол оруулаад байгаа шилдэг тоглогч юм.
Тэгвэл Трамп өчигдөр Балогуны улаан хуудасны торгуулийг цуцалсан FIFA-д талархал илэрхийлснээс харвал түүний “лобби” бүтсэн бололтой.
“Зөв зүйл хийж, аугаа шударга бус үйлдлийг буцаасан FIFA-д баярлалаа!” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.
FIFA-гийн сахилгын хороо уг шийдвэрээ сахилгын дүрмийн 27 дугаар зүйлд заасны дагуу гаргасан гэж тайлбарласан байна.
Ингэснээр Балогунд нэг жилийн хяналтын хугацаа өгч байгаа бөгөөд энэ нь техникийн хувьд улаан хуудас түүний нэр дээр бүртгэлтэй хэвээр байна гэсэн үг юм.
Хэрвээ энэ хугацаанд тэр ижил төстэй алдаа гаргавал нэг удаагийн тоглолт өнжих шийтгэл нь хэрэгжих гэнэ.
FIFA өмнө нь ДАШТ-ий Португалийн эхний тоглолтод Кристиану Рональдуг оролцуулахын тулд Ирландын эсрэг тоглолтод авсан түүний улаан хуудсыг 27 дугаар зүйлийн дагуу цуцалж байжээ.
Даваа гарагийн орой АНУ-ын шигшээ багийн эсрэг Бельгийн шигшээ баг Сиэтл хотод тоглох юм.
Бельгийн Хааны Хөлбөмбөгийн Холбоо өчигдөр FIFA-гийн шийдвэрт “гайхаж” байгаагаа илэрхийлжээ.
Тэд дүрэмтэйгээ зөрчилдсөн шийдвэр гаргасан FIFA-ийн удирдлагыг шүүмжилж, үүнийг таслан зогсоох боломжит бүх хувилбаруудыг судлахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
