Тусгаар тогтнолынхоо баярын өдөр Путинтэй 90 минут утсаар ярьсан Трамп дайныг дуусгахад нь туслах санал тавьжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бараг 90 минутын турш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Украины дайныг дуусгах шийдэл олоход нь туслах санал тавьсан талаар Кремлийн ахлах зөвлөх Юрий Ушаков өчигдөр мэдээлжээ.

Трамп энэ саналыг АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн өдөр, энэ долоо хоногт Турк улсад зохион байгуулагдах NATO-гийн дээд хэмжээний чуулганы өмнө тавьсан байна.

Энэ өдөр Трамп бас Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярьжээ.

“Америкийн ерөнхийлөгч мөргөлдөөнийг хурдан зогсоох, хямралыг даван туулах шийдлүүдийг олоход бэлэн байгаагаа дахин нэг удаа нотолсон” гэж Ушаков мэдээлсэн байна.

Тэрбээр хоёр ерөнхийлөгчийн яриаг “ажил хэрэгч уур амьсгалтай, нэлээд бүтээлч” болсон гэж дүгнэжээ.

Ушаков бас Орос улс “өөрийн эрх ашгийн үндсэн дээр мөргөлдөөнийг улс төр, дипломат арга замаар шийдвэрлэх” эрмэлзэлтэй байгаа бол Европын холбоотнуудыг “мөргөлдөөнийг өргөжүүлж, хурцатгаж, энгийн иргэдийн эсрэг терроризмыг ашиглахыг хичээж байна” хэмээн шүүмжилсэн байна.

Түүний дурдсан терроризм нь газрын тосны салбарыг чиглэсэн Украины алсын тусгалын цохилтуудын улмаас Оросын олон бүс нутагт бензин шатахууны хомсдол үүссэнийг хэлсэн бололтой.

Путин утсаар ярихдаа АНУ-ын ерөнхийлөгчид “Оросын зэвсэгт хүчин итгэлтэйгээр давшиж, хот суурин газруудыг нэг нэгээр нь чөлөөлсөөр байгаа тулааны талбарын бодит нөхцөл байдлыг тайлбарласан” гэж Ушаков хэлжээ.

Оросын эрх баригчид Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх аливаа шийдэлд Донбассын бүс нутгийг бүрэн хяналтдаа авах нөхцөл багтах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа.

Өнгөрсөн Баасан гарагт Оросын армийн командлагч нар дорнод Украины стратегийн ач холбогдолтой чухал хот болох Константиновкаг эзэлснээ Путинд илтгэж байв.

Энэ хот нь Оросын арми Донбассын бүрэлдэхүүнд багтдаг Донецк мужийн үлдсэн хэсгийг хяналтдаа авахад шаардлагатай чухал түшиц газар юм.

Гэхдээ маргааш нь Зеленский үүнийг няцааж, Украины зэвсэгт хүчин Константиновкаг хянасаар байгааг баталж байлаа.

Ингэхдээ тэр хэрвээ энэ хот Оросын хяналтад орсон нь үнэн бол тэнд Путинтэй уулзах санал тавьсан байна.

 

Эх сурвалж: AFP