Кабо Вердегийн ахлагч Райан Мендес өнгөрсөн гуравдугаар сард хүчингийн хэрэгт холбогджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
17 минутын өмнө
www.ikon.mn
Зураг зураг

Энэ жилийн хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хэсгийн шатанд гол дуулиан тарьсан баг бол Кабо Верде. Анх удаа ДАШТ-д оролцоод Испани, Саудын Арабтай хуурай тэнцсэн бол Уругвайтай 2:2-оор эвийн гэрээ байгуулсан билээ. 

Улмаар хэсэгтээ гурван оноотой хоёрдугаар байр эзэлснээр хасагдах шатны эрхээ шууд авсан юм. Одоо долдугаар сарын 4-ний Бямба гарагт 06:00 цагаас Аргентины шигшээ багтай хүч үзнэ.

Тэгвэл тус улсын шигшээ багийн ахлагч, өдгөө 36 настай Райан Мендесийг өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Зеландын багийн эсрэг тоглохдоо шигшээ багийнхаа орчуулагчаар ажиллаж байсан бразил эмэгтэйг хүчиндсэн хэрэгт буруутгагдаж байгааг Бразилын "GloboNews" онцолжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмэгтэй Бразилын хэвлэлд өгсөн ярилцлагадаа Мендес зочид буудлынх нь өрөөнд орж ирээд өөрт нь халдсан гэж мэдэгдсэн юм.

Уг хэрэг Шинэ Зеландын Окленд хотод Кабо Вердегийн шигшээ багийнхан байрлаж байсан зочид буудалд болжээ.

Бразил бүсгүй гуравдугаар сарын 27-нд болсон Кабо Верде, Чилийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтод орчуулагчаар ажиллахаар томилогджээ. Уг тоглолтын дараа зочид буудлын өрөөнд уулзалтад ирснийхээ дараа албан бус болохыг нь ойлгосон байна.

Түүнийг өрөөндөө буцсаных нь дараа Мендес дагаж ирээд хүчээр орж, боомилж, цохиж, хүчиндсэн гэж Шинэ Зеландын цагдаагийн газрын албан тэмдэглэлд байгааг "Globo"-гийнхон онцолжээ.

Хохирогч эмэгтэй хүзүүндээ хөхөрсөн зургуудаа хэвлэлийн газарт өгсөн байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр эмэгтэйн хүзүү, хөх, уруул хөхөрсөн болохыг тогтоосон юм. 

Хохирогч эмэгтэй Кабо Вердегийн хөлбөмбөгийн холбоо болон FIFA-д шүүх эмнэлгийн дүгнэлт, хүчингийн хэрэгт холбогдсон гэх нотлох баримтын хамт Мендесийг ДАШТ-д оролцуулахгүй байх талаар хандсан ч хариу өгөөгүй байна.

Энэ хэргийн талаар өнгөрсөн сард Шинэ Зеландын "Хералд" сонин мэдээлсэн ч хэн нэр холбогдсоныг нь дурдаагүй аж.

 

Эх сурвалж: Yahoo sports