Nvidia компанийн гүйцэтгэх захирлын охин аавынх нь аюулгүй байдлыг хангасан Сөүлийн цагдаа нарт талархал илэрхийлжээ
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй бизнесийн байгууллага болох Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуаны охин энэ сарын эхээр аавыг нь Өмнөд Солонгост айлчлахад аюулгүй байдлыг хангаж ажилласан цагдаа нарт талархлын захидал ирүүлснийг Сөүл хотын цагдаагийн газар Ням гарагт мэдээлжээ.
Nvidia Omniverse компанийн бүтээгдэхүүний маркетинг хариуцсан захирал Мэдисон Хуан түүний эцгийг зургаадугаар сарын 5-9-ний өдрүүдэд Сөүлд айлчлах үеэр төсөөлснөөс хэт олон хүн цугларсныг зохицуулахад хүчин чармайлт гаргаж ажилласан Мапо дүүргийн цагдаагийн албан хаагчдад уг захидлаа илгээсэн юм байна.
Женсен Хуан тухайн үед Мапо дүүргийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэг болох Хондэд байрладаг интернэт тоглоомын төвд зочилж, дараа нь Өмнөд Солонгосын томоохон бизнесмэнүүдтэй оройн зоог барьсан юм.
Энэ үеэр тэнд дэлхийн тэргүүлэх технологийн компанийн удирдагчийг харах гэсэн маш олон хүн цугларч байв.
Мэдисон энэ үед Nvidia компанийн бусад төлөөлөгчдийн хамт дагалдан явж байжээ.
Тэрбээр гудамжинд төсөөлснөөс илүү олон хүн цугларахад “маш сайн техникийн туслалцаа” үзүүлсэн хэмээн захидалдаа цагдаа нарыг магтсан байна.
Женсен Хуан нь засгийн газрын шугамаар бус, хувийн зорилгоор зорчиж байсан тул цагдаагийн хамгаалалт авах эрхгүй хүн байсан юм.
Гэвч Мапо дүүргийн цагдаагийн удирдлага хэт олон хүн цугларч, нийгмийн дэг журам алдагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд 100 гаруй албан хаагчийг Nvidia компанийн төлөөлөгчдийн зочлох газруудад томилон ажиллуулж байжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

