Угандын армийн командлагч улсынхаа хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаав
Уганда улсын хамгийн том хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг тус улсын зэвсэгт хүчний командлагч албадан хаажээ.
Ням гарагийн өглөө Дэйли Монитор сонины нийслэл Кампала дахь төв байрыг цэргүүд бүсэлсэн бол NTV, Spark TV сувгуудын нэвтрүүлэг үүнтэй зэрэгцэн зогссон байна.
Дээрх хэрэгслүүд нь Дорнод Африкийн хамгийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг болох Nation Media Group компанид харьяалагддаг юм.
Тэд яг юунаас болж хаагдсан нь тодорхойгүй байна. Угандын армийн командлагч, генерал Мухузи Кайнеругаба нь тус улсын ерөнхийлөгч Йовери Мусевенигийн хүү юм.
Тэрбээр саяхан сошиал хуудсандаа “Би чөлөөт хэвлэлд итгэдэггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хувьсгалын кадрууд удирдах ёстой” гэж бичжээ.
Босогчдын удирдагч асан, 81 настай ерөнхийлөгч Мусевени одоогоос 40 орчим жилийн өмнө Угандын засгийн эрхийг гартаа авсан юм.
Тэрбээр нэгдүгээр сард болсон маргаантай сонгуульд долоо дахь удаагаа ялсан бөгөөд одоо хүүгээ залгамжлагчаар бэлдэж байгаа гэсэн таамаг өргөн хүрээнд яригддаг.
Генерал Кайнеругаба “аугаа эцэг” нь түүнд “хүссэн хэвлэл мэдээллийн хэрэгслээ хаах эрхийг өгсөн” тухай сошиал хуудсаараа мэдээлжээ.
Тэрбээр бас хаагдсан хэрэгслүүд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дахин нээгдэхгүйг анхааруулсан байна.
Угандын өргөн нэвтрүүлгийн холбоо яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаасныг тайлбарлахыг засгийн газраасаа шаардаж, үүнийг үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж шүүмжилжээ.
Мусевенитэй сонгуульд өрсөлдөөд ялагдсан сөрөг хүчний улс төрч Боби Уайн “Угандад үлдсэн цорын ганц хараат бус дуу хоолойг чимээгүй болголоо” хэмээн Кайнеругабагийн үйлдлийг шүүмжилсэн байна.
Тэрбээр одоо гадаадад дүрвэн амьдарч байгаа юм.
Нэгдүгээр сард болсон сонгуулийн өрсөлдөөний үеэр генерал Кайнеругаба нэр дэвшигч Боби Уайны “төмсгийг сугална” хэмээн сошиал хуудсаараа сүрдүүлсэн ч олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан тул уг мэдэгдлээ устгаж байв.
НҮБ уг сонгуулийг “сөрөг хүчний эсрэг явуулсан өргөн хүрээтэй дарангуйлал, айлган сүрдүүлэг дор болж өнгөрсөн” хэмээн дүгнэж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

