Европыг дайрсан агаарын хэт халалт 1,300 хүний үхэлтэй холбоотойг ДЭМБ мэдээлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Зуны улирал дөнгөж эхэлж байхад Европ тивд урьд өмнө үзэгдээгүй аагим халуун өдрүүд үргэлжилж байна.

Ням гарагт Герман, Польш, Чех улсуудад агаарын температур түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тэргүүн Тедрос Адханом Гебрейесус зургаадугаар сарын 21-нээс хойш ердийн үетэй харьцуулахад Европ тивд 1,300 гаруй хүн илүү нас барсныг агаарын хэт халалттай холбоотой гэж сошиал хуудсаараа өчигдөр мэдэгдсэн байна.

“Халууны стрессийг ихэвчлэн ‘чимээгүй алуурчин’ гэж нэрлэдэг бөгөөд Европын орон сууц, ажлын байр, сургуулиудыг ийм халалтад тохируулж бариагүй юм” гэж тэр бичжээ.

Ням гарагийн өглөө Францын эрүүл мэндийн яам Лхагва гарагаас хойш тус улсад ердийн үеийнхээс 1,000 орчмоор илүү тооны хүн нас барсныг мэдээлсэн байна.

Энэхүү хэтэрсэн нас баралтын олонх нь 65-аас дээш насныхан байсан бөгөөд гэртээ нас барсан хүний тоо энэ хугацаанд 40 хувиар өссөн гэжээ.

“Европ бол дэлхийн хамгийн хурдтай дулаарч буй тив бөгөөд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна” гэж Тедрос мэдэгдэлдээ анхааруулсан байна.

Ням гарагт Герман улс гурав дахь өдрөө дараалан агаарын түүхэн дээд халалтаа бүртгэжээ. Энэ өдөр тус улсын Польштой залгаа зүүн хилийн Кошен хотод агаарын температур Цельсийн 41.7 хэмийг заасан байна.

Чех улс өчигдөр бас хоёр дахь өдрөө дараалан түүхэн дээд халалтаа бүртгэж, нийслэл Прагийн хойд талд оршдог Доксанид агаарын температур Цельсийн 41.1 хэмийг заажээ.

Ням гарагт Польш улсын Слубице хотод агаарын температур Цельсийн 40.5 хэм хүрсэн нь тус улсын түүхэнд хамгийн өндөр халалт болон бүртгэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC