Венесуэлийн газар хөдлөлтөөс хойш гурав хоногийн дараа 11 настай хүү нуранги дороос амьд гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Венесуэлд болсон хүчтэй газар хөдлөлтөөс хойш гурав хоногийн дараа 11 настай хүү барилгын нуранги дороос амьд гарчээ.

Газар хөдлөлтийн дараа эхний 72 цагийн дотор амьд хүн олдох боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.

Тэгвэл Бямба гарагийн орой буюу энэ хугацаа дуусахтай зэрэг Венесуэлийн хойд бүсийн Карабалледа хотын барилгын нуранги дороос аврагчид уг хүүхдийг олжээ.

Бямба гарагийн байдлаар газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 1,430 хүрсэн байна.

НҮБ-ын мэдээлснээр 50 мянган орчим хүн сураггүй алга болсон тул энэ тоо цаашид өсөх нь гарцаагүй юм. Нийслэл Каракас хотын Симон Боливарын нэрэмжит олон улсын нисэх буудлын ганц хөөрөх/буух зурвас хэсэгчлэн ажиллаж байгаа нь гадаадын тусламж авах гол суваг болоод байна.

Үүнээс гадна АНУ-ын армийн тэнгисийн хөлөг Венесуэлийн эрэгт зогсож, шаардлагатай тусламж үзүүлж эхэлжээ.

Гамшигт хамгийн их нэрвэгдсэн Ла Гуайра мужийн эрэг орчмын газраас Баасан гарагт орон нутгийн иргэд нурангид дарагдсан есөн сартай нялх хүүхдийг олж, аварсан байна.

Лхагва гарагийн орой энэ бүс нутагт 7.2 ба 7.5 магнитудын хүчтэй хоёр газар хөдлөлт хоорондоо нэг минут орчмын зайтай болсон юм.

Дэлхийн 21 улс эрэн хайх, аврах ажиллагаанд оролцуулах багийг илгээгээд байгааг Венесуэлийн парламентын спикер Хорхе Родригес мэдээлжээ.

Тэдгээрээс АНУ-ын засаг захиргаа нуранги дороос хүмүүсийг илрүүлэхэд сургагдсан нохойтой гурван аврах багаас бүрдсэн 250 гаруй мэргэжилтнийг Венесуэлд илгээж байгаагаа мэдэгдсэн.

Ийм хэмжээний газар хөдлөлт өмнө нь болоход 2010 оны нэгдүгээр сард Хайтид 200,000, 2005 оны аравдугаар сард Кашмирт 73,000 гаруй хүний амь үрэгдэж байжээ.

Венесуэлд амь үрэгдсэн хүмүүсийн дотор Португалийн 28, Испанийн 6, Бразилын 2, Хятадын 7, Чилийн нэг, Итали-Венесуэлийн давхар иргэн нэг, Уругвайн нэг иргэн байгааг сүүлийн байдлаар тогтоожээ.

Эх сурвалж: AFP