"Хүнс групп", "Nomadic Kickers" клубтэй хамтран хүүхдийн хөлбөмбөгийн ертөнцөд хөрөнгө орууллаа
“Хүнс групп” хүүхдийн хөлбөмбөгийн хөгжлийг дэмжин “Nomadic Kickers” клубтэй хамтран ажиллана.
Тус хамтын ажиллагааны хүрээнд
- Спортоор дамжуулан хүүхдийн эрүүл мэндийг дэмжих
- "Талбайгаа тордъё" аяныг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх
- Хүүхдийн тоглох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах
- Тэдний аюулгүй орчин нөхцөлд тоглох боломжийг нэмэгдүүлэх
- Хөлбөмбөгийн спортод дуртай хүүхдүүдийн сонирхлыг дэмжих
- Мэргэжлийн багш, дасгалжуулагчид заавар зөвлөмж өгөхийн зэрэгцээ хүүхдүүдийг спортын зориулалтын хувцас хэрэгслээр хангах ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хамтын ажиллагааны гол зорилго нь “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ” орчныг бүрүүлж, аюул осолгүй орчинд тоглох боломжийг сайжруулахыг зорьж байгааг онцоллоо.
"Хүүхэд бүр аюулгүй талбайд тоглох эрхтэй"
“Хүнс групп”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Гантулга хэлэхдээ "Хүүхдийг би төвтэй бус бид болгон хүмүүжүүлдэг спорт бол хөлбөмбөг.
Хөлбөмбөг тоглож байх үедээ хүүхэд ялалт, ялагдлыг амсаж, алдаа, амжилт ч хардаг. Тиймээс энэ төрлийн спорт хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөөд зогсохгүй нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулдаг. Нөгөө талаар хүүхдүүд тоглоомын талбайд тоглож байхдаа бэртэж, гэмтэх ёсгүй.Хүүхэд бүр аюулгүй талбайд тоглох эрхтэй.
Хүүхэд бүрд сайхан ирээдүйг бүтээж өгөхийн тулд бизнесийн байгууллагуудын оролцоо, хувь нэмэр ч чухалд тооцогдоно. Тиймээс ирээдүй рүүгээ чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор бид хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Нийгмийн хариуцлага гэдэг зөвхөн хандив өгөх ойлголт биш. Хүүхдүүдэд спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, аюулгүй орчныг бүрдүүлэх, зориулалтын талбай байгуулах, хүүхдийн хөгжлийг дэмжсэн урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь илүү үнэ цэнтэй.
Хүүхдэд өгч болох хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд билээ" хэмээв.
"Хүнс групп” болон “Nomadic Kickers” хүүхдийн хөлбөмбөгийн клубтэй хамтран олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл гадаад орны хүүхдүүд монгол хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож, илүү туршлагажих боломжтой болох юм.
Мөн өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Баянзүрх дүүргийн 23-р хорооны хөлбөмбөгийн талбайг засварлаж, тус дүүргийн хүүхдүүдэд зориулалтын өмсгөл бэлэглэжээ.
Орчин үед хүүхдийг утаснаас илүү сонирхолтой амьдрал, хобби, хийх дуртай зүйлстэй болгож өсгөх хэрэгтэйг “Хүнс групп”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Гантулга хэлж байлаа.
"Хүүхдийн спортод анхаарч, дэмжин ажилладаг групп компаниуддаа талархлаа илэрхийлье"
Олон улсын хүүхдийн хөлбөмбөгийн "Nomadic Kickers" клуб, "Little Kickers Mongolia" хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Г.Буян-Арвижих хэлэхдээ "Бид 2021 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Хүнс групптэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар манай дөрөв дэх ивээн тэтгэгч болж буй. Монголын томоохон үндэсний үйлдвэрийн нэгтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ дашрамд хүүхдийн спортод анхаарч, дэмжин ажилладаг групп компаниуддаа бүгдэд нь талархлаа илэрхийлье.
Манай клуб энэхүү гэрээнд гарын үсэн зурж, хамтралыг эхлүүлснээр илүү чадварлаг, мэргэжлийн дасгалжуулагч нарыг урьж авчрах, хүний нөөц багаа бүрдүүлэхэд энэ дэмжлэг маш том хөрөнгө оруулалт болж байгаа.
“Хүнс групп”, "Nomadic Kickers" клубийг ивээн тэтгээд зогсохгүй Монголын хүүхдийн хөлбөмбөгийн спортод эерэг нөлөөлөл үзүүлж, зарим орхигдсон зүйлсийг нөхөх зорилготой. Бид хүүхдийн хөлбөмбөгийн ертөнцөд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэдгийг ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






