АНХААРУУЛГА: БНСУ-д бүртгэгдэж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг танхайрах төрлийн хэрэг эзэлж байна

Б.Энхмарал, iKon.mn
7 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд суугаа орныхоо хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх, мөн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулж байна. 

Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын хууль хүчний байгууллагын мэдээлснээр сүүлийн жилүүдэд тус улсад оршин сууж байгаа гадаад иргэд тэр дундаа оюутан залуус согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэх гэмт хэрэг, бусдын биед санаатай болон санамсаргүйгээр гэмтэл учруулах, хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар ашиглах, хадгалах, зарж борлуулах, цахим болон залилан мэхлэх зэрэг гэмт хэргүүдэд ихээр холбогдох болжээ. 

БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдтэй холбоотой 2025 оны мэдээллээс үзэхэд нийт 1,396 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байна. Гэмт хэргийн статистик үзүүлэлтээс харахад нийт гэмт хэргийн 70 орчим хувийг дөрвөн төрлийн гэмт хэрэг эзэлж буй. 

Тодруулбал:

  • 30 хувь нь танхайрах болон бусдын биед гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг;
  • 24.7 хувь нь зам тээврийн осол гаргах, жолоочийн эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодох, жолооны үнэмлэхний ангилал зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой гэмт хэрэг;
  • 12.3 хувь нь хулгайн гэмт хэрэг;
  • 7.6 хувь нь залилах төрлийн гэмт хэрэг;
  • 2.6 хувь нь хүчингийн хэрэг;
  • 0.4 хувь нь хар тамхитай холбоотой гэмт хэрэг эзэлж байна.

Монгол Улсын иргэдтэй холбоотой нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг танхайрах төрлийн хэрэг эзэлж байна

БНСУ-д бүртгэгдэж буй Монгол Улсын иргэдтэй холбоотой нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь танхайрах төрлийн гэмт хэрэг байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь харилцан зодолдох, бусдын биед халдах, гэмтэл учруулах, нийтийн өмчид халдах, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах зэрэг хэлбэрээр үйлдэгдсэн аж.

Өдөр тутмын амьдралд гарч болох үл ойлголцол, архидан согтууралт, замын хөдөлгөөний дүрэм зөрчих, бусдын эд хөрөнгөд халдах зэрэг үйлдлүүд нь эрүүгийн хариуцлага хүлээхэд хүргэж буй. Үүний улмаас олон залуус хүний нутагт хорих ял эдэлж, өөрийн болон гэр бүлийнхээ амьдралд хүнд нөхцөл байдал үүсгэх тохиолдол гарсаар байгааг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулсаар байгаа юм. 

Иймд БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийг тухайн улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх, архидан согтуурах үедээ бусадтай маргалдах, хүч хэрэглэсэн үйлдэл гаргахаас зайлсхийх, замын хөдөлгөөний дүрмийг сахих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бусдын эд хөрөнгөд халдахгүй байх, аливаа төрлийн залилан, хар тамхи болон бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаад улсад ажиллаж, сурч, амьдарч буй иргэн бүр Монгол Улсын нэр хүндийг төлөөлж байдгийг ухамсарлан, хариуцлагатай, хууль дээдэлсэн иргэн байхыг уриалъя.