Трампын засаг захиргаа Африк тивд АНУ-ын виз олгодог элчин сайдын яамдын тоог эрс бууруулах гэж байгааг мэдээлжээ
АНУ-ын төрийн департамент Африк тив дэх виз олгодог элчин сайдын яамд, консулын газруудынхаа тоог эрс бууруулахаар төлөвлөж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр визийн өргөдөл хүлээж авдаг 50 элчин сайдын яам, консулын газар ойрын үед 20 болж буурахаар байгаа гэнэ.
Шийдвэр зургаадугаар сард багтаж гарах төлөвтэй байгааг төрийн департаментын нэрээ нууцалсан албан тушаалтан мэдээлжээ.
Энэ нь Трампын засаг захиргааны хууль бус цагаачлалыг бууруулах ерөнхий хүчин чармайлтын нэг хэсэг болж байна.
Зөвхөн Африк тив биш, дэлхий даяар АНУ-ын элчин сайдын яамд, консулын газрын ажилтнуудын тоог цөөрүүлэх арга хэмжээ аваад байгаа.
Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн өнгөрсөн долоо хоногт баталсан удирдамжийн дагуу Африк тивийн орнуудад виз олгодог консулын газруудын тоог 20 хүртэл бууруулахаар болжээ.
Одоогоор зарим улс орнууд визийн бондын хөтөлбөрт хамрагдсан, Эбола вирусийн халдварын улмаас хилийн хоригт орсон гэх мэт Африк тивийн орнуудын ард иргэд АНУ-ын визийг авахад нэлээд хүндрэлтэй болоод байгаа.
Шинэ журмын дагуу АНУ-д аялахыг хүссэн Африкийн орнуудын иргэд виз олгох эрх бүхий 20 консулын газар байрладаг хотууд руу аялах хэрэгтэй болсноор бас нэг саад бэрхшээл нэмэгдэж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр виз олгох 20 консулын газар нь Кот Дивуарын Абиджан, Гана улсын Аккра, Этиопын Аддис-Абаба, Өмнөд Африкийн Кэйптаун, Йоханнесбург, Сенегалын Дакар, Танзанийн Дар Эс Салам, Жибутигийн Жибути, Угандын Кампала, Руандын Кигали, Конгын Киншаса, Нигерийн Лагос, Тогогийн Ломе, Анголын Луанда, Экваторын Гвинейн Малабо, Либерийн Монровиа, Кенийн Найроби, Маврикийн Порт Луйс, Кабо Вердийн Прайа, Камеруны Яунде хотууд байх гэнэ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
