Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөх “хиймэл оюуны үндэсний ноогдол ашиг” бий болгох санаа дэвшүүлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх тус улсын хиймэл оюуны салбарын үсрэнгүй хөгжлөөс олсон татварын нэмэлт орлогыг ард иргэдэд “үндэсний ноогдол ашиг” болгон хүртээх санаа дэвшүүлжээ.

“Хиймэл оюуны дэд бүтцийн эрин үеийн үр жимс нь зөвхөн хувийн компаниудын ажлын үр дүн биш, сүүлийн хагас зууны турш бүхэл бүтэн улс үндэстний бий болгосон аж үйлдвэрлэлийн суурь дээр үндэслэсэн юм” гэж Даваа гарагт ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Ким Ён Бом сошиал хуудсандаа бичсэн байна.

Самсунг Электроникс, SK Hynix зэрэг компаниудын хиймэл оюуны технологид зориулсан хагас дамжуулагч үйлдвэрлэлийн орлого, ашиг огцом өссөн нь энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаас ил болсон юм.

Энэ өндөр өгөөжийн үр шимийг нийгэм хэрхэн хүртэх ёстой талаар олон нийтийн хэлэлцүүлэг ид өрнөж байгаа.

Ким Ён Бом өөрийн санааг танилцуулахдаа 1990-ээд оны үед газрын тосны орлогыг нийгэмд буцаан зарцуулах зорилгоор байгуулагдсан Норвегийн баялгийн санг жишээ болгожээ.

Энэ загварыг тэр Өмнөд Солонгосын хиймэл оюуны салбарт нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна.

“Энэхүү үр ашгийн хэсгийг тодорхой бүтцийн дагуу бүх иргэдэд хүртээх ёстой. Энэ бол шинэ бодлогын хууль ёсны байдал, зарчмын үндэс юм” гэж тэр бичжээ.

Өөрөөр хэлбэл хиймэл оюуны салбарын өндөр ашгийг иргэдийн гар дээр шууд бэлнээр тараахын оронд хуримтлалын сан байгуулж, залуусын гарааны бизнесийг дэмжих, орон нутгийн иргэдийг суурь орлоготой болгох, уран бүтээлчдийг тэтгэх, ахмадуудын тэтгэврийн системийг бэхжүүлэх, хиймэл оюуны эрин үеийн боловсролын шилжилтэд зарцуулах зэрэг хэд хэдэн санааг Ким дэвшүүлсэн байна.

Дэвшүүлсэн санаа нь ерөнхийлөгч И Жэ Мюний засгийн газрын “суурь нийгэм” бодлоготой нийцэж буйг тэр тайлбарлажээ.

Энэ нь нийт иргэдийн амьжиргааны доод түвшнийг баталгаажуулах алсын хараатай бодлого юм.

Гэвч Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордны захиргаа өчигдөр Ким Ён Бомын санаачилгыг шууд дэмжихээс зайлсхийж, зөвхөн хувь хүний үзэл бодол гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Дээрх санааны талаар хэвлэлүүд өргөн хүрээнд мэдээлсний дараа Мягмар гарагт Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийн индекс 5.1 хувиар унасан нь Самсунг Электрониксийн хувьцааны ханш 2.28 хувиар, SK Hynix компанийн хувьцааны ханш 2.30 хувиар унасантай холбоотой байв.

Харин ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдлийн дараа хувьцаануудын ханш буцаж өссөн байна.

Ким Ён Бом өмнө нь сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай эдийн засагч юм. Тэрбээр 2025 оны зургаадугаар сард ерөнхийлөгч И Жэ Мюн тангараг өргөсний дараа одоогийн албан тушаалдаа томилогдож байжээ.

 

Эх сурвалж: Korea Times