Герман дахь цэргийн тоогоо бууруулах Трампын шийдвэр өөрийнх нь шүүмжлэлтэй холбоогүйг Мерц тайлбарлав
Ираны дайныг АНУ хэрхэн удирдан явуулж буй арга барилыг Германы канцлер шүүмжилсэн нь ерөнхийлөгч Дональд Трампыг нэлээд бухимдуулсан юм.
Канцлер Фридрих Мерц энэ талаар нэгэн арга хэмжээний үеэр ярихдаа “Ираны тал энхийн яриа хэлэлцээнээс АНУ-ыг ганзага хоосон буцааж байгаа нь доромжлол бөгөөд тэдний дипломат ур чадварыг харуулж байна” гэж хэлж байв.
Хариуд нь Трамп түүнийг “Ираны дайнд хошуу дүрэхийн оронд эвдэрч сүйрсэн улс орондоо анхаарал хандуулбал зохино” гэж мэдэгдэж байлаа.
Мөн Герман дахь цэргийн хүчээ бууруулах талаар анхааруулж байв.
Үүний маргааш буюу Баасан гарагт Пентагон тус улсад байрладаг цэргийнхээ тоог 5,000-аар бууруулахаар болсныг зарласан юм.
Тэгвэл Фридрих Мерц өчигдөр ARD телевизийн сувгаар цацагдсан ярилцлагадаа энэ талаар өөрийн байр суурийг тайлбарлажээ.
“Америкийн ерөнхийлөгч эдгээр асуудлаар (НАТО-гийн эв нэгдэл, Европын аюулгүй байдал) биднээс өөр үзэл бодолтой гэдгийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ нь Америкчууд бидний хувьд чухал түнш гэдэгт итгэдэг миний байр суурийг өөрчлөхгүй” гэж Мерц хэлсэн байна.
Герман дахь цэргийн тоогоо АНУ бууруулахаар болсон нь хоёр удирдагчийн маргаантай холбоотой эсэхийг асуухад тэр “ямар ч холбоогүй” гэж хариулжээ.
Пентагоны зарласан шийдвэрийн талаар Германы батлан хамгаалах яам “гэнэтийн зүйл биш, нэгэнт тодорхой болоод байсан асуудал” гэж Бямба гарагт мэдэгдэж байв.
Үнэхээр Трамп эхний бүрэн эрхийн хугацаандаа ч Герман дахь АНУ-ын цэргийн тоог бууруулахыг уриалж, европчууд аюулгүй байдлаа өөрөө хангах ёстой гэсэн байр суурь удаа дараа илэрхийлж байсан юм.
Ираны эсрэг АНУ-ын дайнд Европын холбоотнууд дэмжиж оролцохоос татгалзсан нь Трампыг шийдвэрээ эргэлзэлгүйгээр гаргахад нөлөөлсөн бололтой.
Өмнөх ерөнхийлөгч Жо Байдены үед Герман улсад алсын тусгалын Томахавк пуужингийн нэг батальоныг нэмж байрлуулах төлөвлөгөө батлагдаж байсан юм. Баасан гарагийн шийдвэр уг төлөвлөгөөг бас цуцалсан нь тодорхой байна.
Мерц ярилцлагадаа Трамп тэр хоёр уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар өмнө нь огт ярилцаж байгаагүй гээд АНУ-ын хувьд Ираны дайны улмаас ингэх боломж ч багассан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Хэрвээ би андуураагүй бол Америкчуудад одоо ийм зэвсэг хангалттай байхгүй байгаа” гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
