Персийн буланд гацсан хөлгүүдийг Ормузын хоолойгоор хамгаалж гаргах ажлыг АНУ өнөөдөр эхлүүлнэ

Т.Давааням, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Персийн буланд гацсан ачаа тээврийн хөлгүүдийг Ормузын хоолойгоор хамгаалж гаргах ажлыг Даваа гарагт эхлүүлэхээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.

“Төвийг сахисан, гэмгүй улс орнууд” Ираны дайнд хэлмэгдсэн бөгөөд “Бид эдгээр орнуудад хөлөг онгоцоо уг хязгаарлагдмал усан замаас аюулгүй гаргахад нь тусалж, бизнесээ чөлөөтэй үргэлжлүүлэх боломжоор хангах болно” гэж Ням гарагт тэр сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.

“Project Freedom” гэж нэрлэж буй уг ажиллагаа Ойрх Дорнодын бүс нутгийн цагаар Даваа гарагийн өглөө эхлэх гэнэ.

Хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израилийн армиуд дайн эхлүүлсний дараа Иран улс Ормузын хоолойг хаасан нь дэлхий даяар эрчим хүчний ноцтой хомсдол үүсгээд байгаа.

Тэр үеэс хойш Персийн буланд олон тооны газрын тос, байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэгч хөлгүүд гацаад байна.

Тэдгээр дээр Энэтхэг зэрэг Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн орнуудын далайчид ажиллаж байгаа бөгөөд цэвэр ус, хоол хүнсний нөөц нь дундарч, нөхцөл байдал нь хүндэрсэн тухай мэдээлэл ирж байна.

Трамп энэхүү хүчин чармайлтаа хүмүүнлэгийн зорилготой гэж тодорхойлоод “хэрвээ энэ хүмүүнлэгийн үйл явцад ямар нэг байдлаар саад учруулбал харамсалтай нь уг хөндлөнгийн оролцоог хүчээр шийдвэрлэхээс өөр аргагүй болно” гэж Ираны талд анхааруулжээ.

Трампын энэ мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Ираны тал дайныг дуусгах зорилготой өөрийнх нь гаргасан сүүлийн саналд өгсөн АНУ-ын хариуг хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн юм.

Тегераны эрх баригчид гаргасан саналдаа энэ удаа цөмийн хөтөлбөрийн асуудлыг хөндөлгүй хойшлуулж, зөвхөн Ормузын хоолойн аюулгүй байдлыг тодорхой нөхцөлөөр тохиролцох хүсэлт илэрхийлсэн гэлцэж байна.

Өмнө нь Трамп уг саналд “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press