"Дамбадаржаа дэд төвд ус, дулаан дамжуулах дөрвөн төв барьж, орон сууцжуулах дэд бүтэц бэлэн болсон"
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байгааг мэдээллээ.
Энэ тухай Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Дамбадаржаа дэд төв төслийг 71.8 га талбайд хэрэгжүүлж байна. Авто замын ажил дуусаж улсын комисс хүлээн авсан. Дулаан хангамж, цэвэр, бохир усны шугамын ажил дуусаж, улсын комисс ажиллах гэж байна.
Дамбадаржаа дэд төвд ус, дулаан дамжуулах дөрвөн төв барьсан. Энд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх дэд бүтэц бэлэн болсон.
Мөн цэцэрлэгийн барилгыг барьж, улсын комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус төвд төлөвлөсөн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн ажлууд 95 хувьтай байна.
Дулааны станцын ажил үлдэж байна. Тус станц энэ оны аравдугаар сард бүрэн дуусна.
Түүнчлэн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, орон сууцжуулах ажлууд үргэлжилж байна” гэв.
Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтыг “Хятадын хоёрдугаар металлурги групп корпорац” гүйцэтгэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



