Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 63 МВт суурилагдсан чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн Хөгжлийн Банкны хамтарсан санхүүжилтээр эхлүүлээд буй.
Тус станцын барилга угсралтыг “Хятадын хоёрдугаар металлурги групп корпорац” гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн нийт хэрэгжилт 40 орчим хувьтай үргэлжилж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Ажлын явцын тухайд үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, конвейрийн барилга, захиргаа аж ахуйн барилга, хими ус бэлтгэлийн барилга, механик цехийн барилга зэрэг 10 гаруй үндсэн болон туслах барилгын газар шороо, төмөр бетон суурийн ажил бүрэн хийгджээ.
86 метрийн өндөр цутгамал төмөр бетон утааны яндангийн цутгалт болон өндөр температурт тэсвэртэй дотор өрлөгийн ажил дууссан байна.
Түүнчлэн дулааны станцын барилга угсралтад ашиглах гол тоног төхөөрөмжүүдийн гадаад захиалга хийгдэж, үндсэн зуухны тоноглолын 30 гаруй хувийг талбайд нийлүүлжээ.
Өнөөдрийн байдлаар зуухны рамын угсралт болон бусад барилга байгууламжийн +0.00 түвшнээс дээших металл бүтээцийн угсралтын ажил эхэлсэн бол гүйцэтгэгч байгууллага 2025-2026 оны өвөл металл хийцийг угсарч, барилгуудыг бүрэн битүүлэх аж.
Дамбадаржаа дулааны станцын барилгын ажлыг 2026 оны наймдугаар сард дуусгаж, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлэх гэрээтэй байна.
63 МВт хүчин чадалтай тус станц нь эргэлтэт буцламтгай үе давхаргат (CFBC) технологи бүхий 3х21МВт хүчин чадалтай зуухтай. Зуухны ашигт үйлийн коэффициент 86 хувь бөгөөд хорт бодис, нарийн үнс, тоос зэргийг уутат шүүлтүүр болон шохойн чулуу ашиглан 95-98 хувь хүртэл бууруулах, байгаль орчинд ээлтэй шийдэлтэйг онцлов.
ДЦС нь Сэлбэ дэд төвийн орчмын 7,000 гаруй айлыг дулаанаар хангах хүчин чадалтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!