Атлантын далайд зорчиж буй аяллын хөлөг дээр хантавирусийн халдвар гарсны улмаас гурван хүн нас баржээ
Атлантын далайд зорчиж буй аяллын круйз хөлөг дээр хантавирусийн халдвар гарсны улмаас гурван хүн нас барсныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр буюу Ням гарагт мэдээлжээ.
Нас барсан гурван хүний нэгээс хантавирус халдварласан тохиолдол батлагдсан байна. Хантавирус нь мэрэгч амьтдаас хүнд халдварладаг үхлийн аюултай вирус юм.
Аргентины өмнөд эргийн Ушуаяа хотоос Атлантын далайн төв хэсэгт, Африк тивийн баруун эргээс холгүй оршдог Кабо Верде арал улсын чиглэлд зорчиж байсан MV Hondius аяллын хөлөг дээр уг вирусийн халдвар гарчээ.
“Өнөөдрийн байдлаар хантавирусийн халдварын нэг тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан бөгөөд нэмэлт таван сэжигтэй тохиолдол байгаа. Өвчилсөн зургаан хүний гурав нь нас барж, нэг нь Өмнөд Африкт эрчимт эмчилгээний тасагт байна” гэж ДЭМБ мэдэгдсэн юм.
Ням гарагийн өглөө Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) эрх баригчид “хүнд хэлбэрийн цочмог амьсгалын замын өвчин” дэгдсэний улмаас хоёр хүн нас барж, гурав дахь хүн Йоханнесбург хотын эмнэлгийн эрчимт эмчилгээнд байгааг мэдэгдэж байв.
Уг өвчтөнөөс хантавирусийн халдварын тохиолдол илэрсэн байна.
ДЭМБ-ын мэдэгдэлд “Хантавирусийн халдвар ихэвчлэн хүрээлэн буй орчны нөлөөлөлтэй (халдвар авсан мэрэгч амьтны ялгадастай харьцах) холбоотой байдаг. Ховор тохиолдолд хүмүүсийн хооронд тархаж, амьсгалын замын өвчлөлд хүргэж болзошгүй” гэжээ.
Шинж тэмдэг илэрсэн анхны зорчигч 70 настай хүн байсан бөгөөд түүнийг нас барсны дараа шарилыг нь Атлантын далайн өмнөд хэсэгт оршдог Британийн нутаг дэвсгэр болох Гэгээн Еленагийн аралд хүргэсэн байна.
Түүний 69 настай эхнэр мөн хөлөг дээр өвдөж, ӨАБНУ-д хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Тэд аль улсын иргэд байсныг тогтоогоогүй байна.
69 настай Британийн иргэн эрэгтэй одоо Йоханнесбургийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.
Нас барсан гурав дахь зорчигчийн цогцос одоо хөлөг дээр байгаа юм байна.
Кабо Верде улсын эмнэлэгт өөр хоёр сэжигтэй зорчигчийг үлдээх эсэх асуудлыг одоо хэлэлцэж байгаа бөгөөд үүний дараа хөлөг Испани улсын харьяа Канарын арлууд руу аяллаа үргэлжлүүлэх гэнэ.
MV Hondius хөлгийг Нидерландад төвтэй Oceanwide Expeditions компани эзэмшдэг бөгөөд өмнөд туйлын чиглэлд аялал зохион байгуулдгийг салбарын эх сурвалжууд мэдээлжээ.
170 зорчигч тээвэрлэх багтаамжтай тус хөлөг дээр 70 орчим хүн ажилладаг юм байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
