Долоо хоногийн хугацаанд өнжмөл шар өвсний түймрийн 16 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, гал түймрийн 80 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 10 иргэний аюулгүй байдлыг ханган, 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Тухайлбал шар өвсний гал түймрийн 16 дуудлага бүртгэгдсэн байна. Иймд хуурайшилтын үед ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны өнжмөл шар өвсөө шатаалгүй цэвэрлэж, гэр болон байшин хорооллын оршин суугчид орчны хог хаягдлын галын аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
Цаг уурын байгууллагаас 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд гаргасан мэдээллээр нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “Дунд” зэрэгтэй байна.
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар өдөр бүр үүрэг гүйцэтгэж буй ч түймрийн тоо нэмэгдэж байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
