Бөхийн төрлүүдийн тивийн АШТ-д эмэгтэйчүүд ГУРАВТ, эрчүүд ЗУРГААДУГААРТ жагсав
Киргизийн нийслэл Бишкек хотод бөхийн төрлүүдийн тивийн тэмцээн өндөрлөлөө.
Дөрөвдүгээр сарын 6-наас 12-ныг дуустал үргэлжилсэн тус тэмцээнд эмэгтэйчүүд нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр гуравдугаарт жагсав. БНХАУ-ын баг бүх жинд медаль хүртсэнээр 205 оноогоор тэргүүлсэн бол Японы баг 191 оноогоор удаалсан юм.
Харин эрэгтэй төрөлд гурван алтан медаль хүртсэн Ираны баг 178 оноогоор алт, Энэтхэг 162 оноогоор мөнгө, Япон 127 оноогоор хүрэл медаль хүртэв.
Эрчүүд хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэнээр 83 оноогоор зургаадугаарт бичигдлээ.
Манай эмэгтэй тамирчдаас
- эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Э.Даваанасан алт,
- эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Хулан мөнгө,
- эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд О.Ариунзаяа хүрэл,
- эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртсэн бол
эрчүүдээс
- 57 кг-ын жинд Б.Мөнх-Эрдэнэ мөнгө,
- 70 кг-ын жинд Т.Тулга мөнгө,
- 79 кг-ын жинд О.Сүлдхүү хүрэл медаль зүүв.
Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Тулга тивийн тэмцээнээс гурав дахь мөнгөн медалиа зүүлээ. Тэрбээр 2023, 2024 онд 65 кг-ын жинд дараалан мөнгөн медаль хүртсэн билээ. Б.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн жил тивийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бол энэ удаад өнгөө хувиргав. Харамсалтай нь манай тамирчин шигшээ барилдаанд бэртлийн улмаас өрсөлдөгчдөө оноогоор цэвэр ялагдсан юм.
О.Сүлдхүүгийн хувьд тивийн тэмцээнээс гурав дахь хүрлээ авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
