Уншиж байна ...

Украин өөрийн зохион бүтээсэн Фламинго пуужингаар 1,400 км зайд оршдог Оросын пуужингийн үйлдвэрт довтолсноо батлав

Т.Давааням, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины эрх баригчид өнгөрсөн долоо хоногт өөрийн дотоод үйлдвэрийн Фламинго нэртэй шинэ пуужингаар Оросын нутаг дэвсгэрийн гүнд оршдог пуужингийн үйлдвэрт амжилттай довтолсноо баталжээ.

Тухайлбал Бямба гарагт ОХУ-ын Удмуртын хязгаарын Воткинск хотод оршдог үйлдвэрт уг цохилтыг өгснөө мэдээлсэн байна.

Тэгвэл Лхагва гарагт ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг батлахдаа “Бид 1,400 км зайд орших байнд Фламинго пуужингаар нарийвчилсан цохилт өгсөн. Энэ бол манай салбарын үнэхээр том амжилт юм” гэж Киевт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Украины эрх баригчид Өрнөдийн хангамжийг орлох, ирээдүйн экспортын салбар болгох зорилгоор зэр зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлж байгаа.

Энэ бодлогын хүрээнд бүтээгдсэн алсын тусгалын шинэ пуужин нь Фламинго юм. Дээрх цохилт нь уг пуужинг хамгийн хол зайд ашигласан тохиолдол болж байна.

Воткинскийн үйлдвэр нь Искандер системийн баллистик пуужин, шумбагч хөлөг онгоцны Булава пуужин зэрэг Оросын гол зэвсгүүдийг үйлдвэрлэдэг.

Оросын тал ийм цохилт болсон талаар мэдээлэл өгөхгүй байгаа бол Удмуртын Бүгд Найрамдах Улсын захирагч Александр Бречалов ямар нэг байгууламж агаарын цохилтод өртөж, гурван хүн шархадсан тухай мэдээлсэн юм.

Украины мэдээллийн хэрэгслүүд сүүлд Воткинскийн үйлдвэрийн нэг хэсэг эвдэрч, дээвэр нь цоорсныг хиймэл дагуулаас авсан зургаар харуулжээ.

Тухайн өдөр Украины тал Оросын нутаг дэвсгэрийн гүнд пуужин, дрон ашигласан хамгийн том агаарын довтолгоонуудынхаа нэгийг явуулсан юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам энэ өдөр Украины 77 нисгэгчгүй онгоцыг аюулгүй болгосноо мэдээлсэн ч пуужингийн талаар огт дурдаагүй байна.

“Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем заримыг нь зогсоосон, гэхдээ пуужингуудыг зогсоож чадаагүй. Хамгийн чухал нь бүх пуужин байндаа хүрсэн” гэж Зеленский энэ талаар ярьсан ч тодорхой тоо хэлээгүй юм.

Киевийн эрх баригчид турбо сэнсний хөдөлгүүртэй Фламинго пуужингаа үйлдвэрлэхэд АНУ-ын Томахавк пуужингаас хамаагүй хямд зардалтай, 3,000 км хүртэл зайн тусгалтай гэж мэдээлдэг.

Уг пуужинг хуурай газраас хөөргөх бэлтгэлийг хангахад 40 минутын хугацаа шаарддаг байна.

Украины FirePoint компани энэ пуужингаа 2025 оны эцэс гэхэд өдөрт долоон ширхгийг үйлдвэрлэдэг болохоор төлөвлөж буйг өнгөрсөн онд зарлаж байв.

Гэхдээ энэ сарын эхээр Оросын агаарын цохилтын улмаас Фламингогийн үйлдвэрт гэмтэл гарсан гэдэг.

“Пуужингийн цохилтын улмаас нэг том үйлдвэрийн шугам сүйрсэн тул бидэнд тодорхой техникийн асуудал тулгарсан. Бид үйлдвэрээ өөр газарт нүүлгэн шилжүүлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж эхлээд байна” гэж тухайн үед Зеленский хэлж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider