Испанийн нэг программ хангамжийн инженер саяхан Нью-Йорк хот дахь технологийн компанийн салбартай холбогдож, тэдний бүтээгдэхүүн болох ухаалаг тоос сорогчийг “хакдаж” чадсанаа мэдээлжээ.
Үүний үр дүнд тэр дэлхий даяар ашиглагдаж буй 7,000 орчим робот тоос сорогчийг алсаас удирдаж чаддаг болсон гэнэ.
Сэмми Аздуфал хэмээх энэ инженер өөрийн эзэмшдэг DJI Romo тоос сорогчийг дахин программчилж, Sony Playstation 5 видео тоглоомын консолоор удирддаг болгохыг оролдож байгаад энэ боломжийг анх нээсэн юм байна.
Удалгүй уг систем нь DJI компанийн серверт холбогдож, дэлхий даяар ашиглагдаж буй 7,000 тоос сорогчийн удирдлагыг Аздуфалын гарт өгчээ. Тэрбээр робот тоос сорогчуудыг удирдахаас гадна, камераар нь харж чадаж байсан гэнэ.
Гэхдээ Испанийн аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн компанийн хиймэл оюуны хөгжүүлэлтийг ахалдаг тэр үүнийг буруу зорилгоор ашиглалгүй үйлдвэрлэгч компанид нь мэдээлснээр техникийн алдаа цоорхой засагдсан юм байна.
Энэ явдал орчин үеийн ухаалаг тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдал ямар эмзэг байгааг харуулсан нэг тохиолдол юм.
Сүүлийн жилүүдэд ухаалаг тоног төхөөрөмжийн салбар хурдтай хөгжиж байгаа.
MarketsandMarkets зах зээлийн судалгааны компанийн тайланд энэ салбарын хэмжээ 2032 онд $139 тэрбумд хүрэх тооцоог дурдсан байдаг.
Ухаалаг төхөөрөмжүүд хүмүүсийн амьдралыг үлэмж хялбар болгодог ч нөгөө талаас асар том эрсдэл дагуулж байна.
Хүмүүс ийм бараа бүтээгдэхүүн худалдаж авахаасаа өмнө ач тусыг нь болзошгүй эрсдэлтэй харьцуулж, аль нь илүү чухал болохыг бодож үзэх хэрэгтэйг Сури дахь Английн Их сургуулийн компьютерын ухааны профессор Алан Вүүдвард анхааруулжээ.
DJI компани алдааг нь илрүүлж тус болсон Аздуфалд сошиал хуудсаараа илэрхийлсэн талархалдаа “Таны хариуцлагатай мэдээлэл бидний хувьд маш өндөр үнэ цэнтэй байлаа” гэсэн байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!