Замби улсын дээд шүүх тус улсын ерөнхийлөгч агсан Эдгар Лунгугийн хүү Далицо Лунгугаас нийт $1.3 гаруй саяын үнэ бүхий хөрөнгийг нь хурааж авах шийдвэрийг Даваа гарагт гаргажээ.
Үүнд нийслэл Лусака хотод байрладаг худалдааны төв, шатахуун түгээх станц, тансаг ангиллын орон сууц, 79 тээврийн хэрэгсэл, 23 газар зэрэг эд хөрөнгө багтсан байна.
Шүүхийн шийдвэрт 39 настай Далицо эдгээр хөрөнгийг хууль ёсны дагуу олж авснаа батлах баримт гаргаж чадаагүй гэсэн үндэслэлийг дурджээ.
2015 оноос хойш Замби улсыг зургаан жил удирдсан Эдгар Лунгу өнгөрсөн оны зургаадугаар сард хөрш Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрт нас барсан юм.
Гэвч Замбийн одоогийн засгийн газар болон гэр бүлийнхнийх нь хооронд гарсан маргааны улмаас экс ерөнхийлөгчийг оршуулж чадаагүй байгаа.
Одоогийн ерөнхийлөгч Хакайнде Хичилема нь Лунгугийн эвлэршгүй өрсөлдөгч байсан бөгөөд 2021 оны сонгуулиар олон саналын зөрүүгээр түүнийг ялж байсан юм.
Хичилемагийн засгийн газар Лунгугийн шарилыг эх оронд нь авчирч, төрийн ёслол хүндэтгэлтэйгээр оршуулахыг хүсэж байгаа.
Өмнөд Африкийн шүүх наймдугаар сард түүний талд шийдвэр гаргасан юм.
Гэвч гэр бүлийнхэн нь Өмнөд Африкт оршуулахыг хүсэж байгаа бөгөөд экс ерөнхийлөгч өөрийн өрсөлдөгч Хичилемаг оршуулгадаа оролцуулахыг хүсээгүй гэж маргасаар байгаа.
Далицо Лунгугийн өмгөөлөгч Замбийн дээд шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.
Шүүх ерөнхийлөгч агсны хүүгийн ажил эрхлэлтийн түүх, орлогыг шалгаад ийм хэмжээний хөрөнгөтэй болох боломжгүй гэж дүгнэжээ.
Тухайлбал Далицо нь 2012 онд Лусака хот дахь нэг ундааны үйлдвэрт богино хугацаанд ажиллаж, дараа нь Замби улсын татварын газарт бараг гурван жил ажилласан юм байна.
Ийм ажил орлогын түүхтэй хүн олон тооны тээврийн хэрэгсэл, өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжгүй гэж шүүх дүгнэсэн юм байна.
Далицо өөрөө бизнесийн ашгаараа болон гэр бүлийнхээ дэмжлэгээр ийм хөрөнгөтэй болсноо тайлбарласныг шүүх хангалттай биш гэж үзжээ.
Экс ерөнхийлөгчийн гэр бүлийн бусад гишүүд бас хууль бус аргаар баяжсан хэргээр шалгагдаж байгаа юм.
Тухайлбал 2024 онд дээд шүүх тэргүүн хатагтай асан Эстер Лунгугаас $3.5 саяын үнэ бүхий 15 орон сууцыг хурааж авах шийдвэр гаргаж байв.
Одоогийн эрх баригчдыг шүүмжлэгчид үүнийг авлигатай тэмцэх гэхээсээ илүүтэй улс төрийн зорилготой гэж үзэж байна.
Нөхрийгөө тодорхойгүй өвчний улмаас нас барснаас хойш тэргүүн хатагтай асан Өмнөд Африкт амьдарч байгаа юм.
Тэрбээр одоо нөхрийнхөө шарилыг эх оронд нь буцаалгахгүйн төлөө тэмцлийг удирдаж байна.
Лунгу агсны шарил Йоханнесбург хотын оршуулгын төвд хадгалагдсаар байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!