Өмнөд Солонгосын нэг албан тушаалтан хүн амын дунд хүүхэд төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд “Вьетнам, эсвэл Шри Ланкаас залуу эмэгтэйчүүдийг импортлох” санаа гаргасны улмаас намаасаа хөөгджээ.
Өмнөд Жолла мужийн Жиндо дүүргийн дарга Ким Хи Сү өнгөрсөн долоо хоногт болсон нэг хурлын үеэр ингэж импортолсон гадаад эмэгтэйчүүдийг орон нутгийн залуу эрчүүдтэй гэрлүүлэх боломжийн талаар ярьсан юм байна.
Өмнөд Солонгос нь хүүхэд төрөлтийн түвшнээр дэлхийд хамгийн бага улс болсон бөгөөд байдал хэвээр үргэлжилбэл тус улсын 50 сая орчим хүн ам ирэх 60 жилийн хугацаанд хоёр дахин буурах тооцоо гараад байгаа.
Кимийн ярьсан зүйл телевизээр цацагдаж, олон хүнд хүрснээр маргааны сэдэв болсон байна.
Үүний улмаас Вьетнам улс дипломат шугамаар Өмнөд Солонгосын талд эсэргүүцэл илэрхийлжээ. Улмаар эрх баригч Ардчилсан Нам түүнийг гишүүнчлэлээсээ хассан байна.
Хурлын маргааш нь Ким уучлал гуйж, олон нийтийн бухимдлыг намжаахыг оролдсон ч бүтээгүй юм.
Түүний оролцсон хурал орон нутгийн хүн ам цөөрч буйтай холбоотойгоор Жиндо дүүргийг ойролцоох хоттой засаг захиргааны хувьд нэгтгэх асуудлыг хэлэлцсэн юм байна.
Ким орон нутгийн хүн ам зүйн хямралыг шийдвэрлэх арга зам олохыг хичээхдээ зохисгүй үг хэллэг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлал гуйжээ.
Өмнөд Жолла мужийн захиргаа бас Кимийн өмнөөс “Вьетнамын ард түмэн болон эмэгтэйчүүдийн сэтгэлийг гүн шархлуулсандаа”уучлал гуйсан байна.
Сөүл дэх Вьетнамын элчин сайдын яам Фэйсбүүк хуудсандаа Кимийн мэдэгдлийг буруушааж, түүнийг санааг “зүгээр нэг үг биш, цагаач эмэгтэйчүүд болон цөөнхийн бүлэгт хандах хандлагыг харуулсан” гэж шүүмжилжээ.
Шри Ланка улсын эрх баригчид одоогоор Кимийн ярьсан зүйлтэй холбоотой ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.
Эрх баригч Ардчилсан Намын дээд зөвлөл Ким Хи Сүг гишүүнчлэлээсээ хасах шийдвэрийг санал нэгтэй дэмжсэн тухай Даваа гарагт тус намын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.
Өнөөдөр буюу Мягмар гарагт эмэгтэйчүүдийн болон цагаачдын эрхийг хамгаалах хөдөлгөөний идэвхтнүүд Жиндо дүүргийн захиргааны байрны гадаа эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар болсон байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!