Уншиж байна ...

Нобелийн шагнал авч чадаагүйдээ гомдсон Трамп энх тайвны талаар бодохоо больсон гэнэ

Т.Давааням, ikon.mn
46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Гринланд арлыг авах төлөвлөгөөг нь эсэргүүцэж буй Европын найман улсыг импортын татвараар шийтгэх болсноо зарласан билээ.

Энэ нь Атлантын далайг дамнасан холбоотнуудын харилцааг сүйтгэх аюул учруулаад байгаа. Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог Гринланд арлыг АНУ-д нэгтгэх нь дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд чухал гэж Трамп тайлбарладаг.

Тэрбээр энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хүч хэрэглэхээс буцахгүйгээ мэдэгдээд байна.

Тэгвэл саяхан Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стёре, Финландын ерөнхийлөгч Александр Стуб нар АНУ-ын ерөнхийлөгчид захидал бичиж, хурцадмал байдлаа намжаах нь ямар ач холбогдолтойг тайлбарлахыг оролджээ.

Гэтэл Стёред хандсан хариу захидалдаа Трамп өөрт нь Норвеги улс Нобелийн шагнал өгөөгүй тул одоо энх тайвныг чухалчлахаа больсон талаар гомдоллон бичсэн байна.

“Танай улс надад найман дайныг зогсоосны төлөө Нобелийн энх тайвны шагнал өгөхөөс татгалзсаныг харгалзан үзвэл би одоо зөвхөн энх тайвны талаар бодох үүрэггүй болсон. Энх тайван хэдийгээр тэргүүнд тавигдах ч би одоо АНУ-д юу сайн, юу хэрэгтэйг илүү боддог болоод байна” гэж Трамп захидалдаа бичжээ.

Тэрбээр цааш нь Дани улс Гринланд арлыг Орос, эсвэл Хятадаас хамгаалж чадахгүйг анхааруулаад “тэд яагаад энэ газрыг өмчлөх эрхтэй байдаг юм бэ? Бичгээр үйлдсэн баримт байхгүй, зөвхөн хэдэн зуун жилийн өмнө завь нь газардсан гэх баримт л бий. Гэхдээ манай завь ч бас тэнд газардаж байсан” гэж бичсэн байна.

Трамп мөн нэмж бичихдээ “Би НАТО-д байгуулагдсанаас нь хойш хамгийн их зүйл хийж өгсөн хүн. Одоо АНУ-ын төлөө НАТО ямар нэг зүйл хийх ёстой. Бид Гринландыг бүрэн, бүтнээр нь хяналтдаа авахаас нааш энэ дэлхий амар амгалан байхгүй” хэмээн анхааруулжээ.

2025 оны Нобелийн энх тайвны шагналыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадод олгох шийдвэрийг Норвегийн Нобелийн Хороо өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан юм.

Трампын гомдлын хариуд Стёре “шагналыг хэнд олгохыг Норвегийн засгийн газар биш, хараат бус хороо шийдвэрлэдэг” гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: BBC