Уншиж байна ...

Нигери улс дахь Исламын Улс бүлэглэлд “хүчтэй бөгөөд үхлийн цохилт” өгснөө АНУ-ын ерөнхийлөгч Трамп зарлав

Т.Давааням, ikon.mn
8 цаг 41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дөнгөж сая АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп баруун Африкийн Нигери улсын нутаг дэвсгэрийн баруун хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг Исламын Улс бүлэглэлийн байрлалуудад “хүчтэй бөгөөд үхлийн цохилт” өгснөө зарлалаа.

Тэрбээр сошиал хуудсандаа бичсэн мэдэгдэлд тус байгууллагыг “террорист хог шаар” хэмээн нэрлэж, тэднийг “гэм зэмгүй загалмайн шашинтнуудын эсрэг аллага үйлдсэн” гэж буруутгасан байна.

Трамп бас өөрийн зэвсэгт хүчнийг “олон тооны төгс цохилт” өгсөн гэж магтсан ч яг ямар байгууламжид, хэзээ довтолсон талаараа дэлгэрүүлээгүй юм.

Арваннэгдүгээр сард Трамп загалмайн шашинтнуудын эсрэг харгислал үйлдэж буй исламын хэт даврагчидтай тэмцэхгүй байгаа Нигерийн эрх баригчдыг шүүмжилж, арга хэмжээ авахгүй бол АНУ-ын арми түрүүлж хөдлөхөд бэлэн байгааг анхааруулж байв.

Өчигдөр орой хийсэн мэдэгдэлдээ Трамп “миний удирдлага дор байгаа цагт манай улс радикал исламын терроризм цэцэглэн хөгжихийг хэрхэвч зөвшөөрөхгүй” хэмээн анхааруулсан юм.

Арваннэгдүгээр сарын анхааруулгын хариуд Нигерийн эрх баригчид загалмайн шашинтнууд зөвхөн терроризмын хохирогч болоогүй, үүнд шашин шүтлэг хамааралгүйг мэдэгдэж байжээ.

Сүүлийн үед АНУ-ын баруун жигүүрийн улс төрчдийн дунд Нигерид загалмайтнуудын эсрэг геноцид явагдаж байгаа гэх яриа гарах болсон юм.

Африк тивийн хамгийн олон хүн амтай Нигери улсад загалмайтнууд болон муслимууд бараг тэнцүү хэмжээтэй байдаг.

Трампын анхааруулгын дараа Нигерийн ерөнхийлөгчийн зөвлөх Даниэл Бвала терроризмын эсрэг АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэхийн зэрэгцээ тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэрт гадаад улс дангаараа байлдааны ажиллагаа явуулах ёсгүйг хариу анхааруулж байжээ.

 

Эх сурвалж: BBC