Зул сар болон Шинэ жилийн баярын үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Исламын Улс бүлэглэлийн 115 гишүүнийг баривчилснаа Туркийн эрх баригчид өчигдөр мэдэгджээ.
Истанбул хот даяар 124 байрлалд явуулсан ажиллагааны үеэр их хэмжээний галт зэвсэг, сум хэрэгсэл, “зохион байгуулалтын бичиг баримт” илрүүлснийг тус хотын ерөнхий прокурорын газар мэдээлсэн байна.
Халдлагыг энэ долоо хоногт Турк даяар муслим бус хүмүүсийн эсрэг зохион байгуулахаар төлөвлөж байсныг тогтоосон гэнэ.
Нийт 115 сэжигтнийг баривчилж, дахин 22 хүнийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Тэднийг гадаадаас удирдан чиглүүлж байсныг прокурорын мэдэгдэлд дурджээ.
Үүнээс хоёр хоногийн өмнө Туркийн тусгай албад Афганистан-Пакистаны хил дээр нууц ажиллагаа явуулж, орон нутгийн Исламын Улс бүлэглэлийн нэг жигүүрийг удирддаг өөрийн иргэнийг баривчилснаа мэдээлж байв.
Исламын Улс террорист байгууллага нутаг дэвсгэрийн зарим хэсэгт нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа Сири улстай Турк улс 900 км урт зурвасаар хил залгадаг.
Туркийн ойрын холбоотон гэгддэг Сирийн ерөнхийлөгч Ахмед аль-Шараа улс орноо террористуудын үлдэгдлээс цэвэрлэхийн тулд АНУ, Европын орнуудтай хамтран ажиллахаа амлаж байгаа.
Энэ сарын эхээр Сирийн нутагт Исламын Улс бүлэглэлийн гишүүн халдлага үйлдэж, АНУ-ын хоёр цэрэг, нэг орчуулагчийн амийг хөнөөсөн юм.
Үүний хариуд өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт АНУ-ын зэвсэгт хүчин Сири дэх тус бүлэглэлийн байрлалуудад агаараас довтолж байлаа.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!