Уншиж байна ...

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газрынхаа хуралдааны үеэр хэд хэдэн удаа зүүрмэглэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газрынхаа хуралдааныг зохион байгуулсан нь хоёр цаг, 17 минут орчим хугацаанд үргэлжилжээ.

Ихэвчлэн амжилт бүтээлээ магтан ярьсан уг хурлын үеэр Трамп хэд хэдэн удаа зүүрмэглэсэн нь хэвлэлүүдийн дуранд өртсөн байна.

Хамгийн сүүлд төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ерөнхийлөгчийнхөө гадаад бодлогын гайхамшигт шинэчлэлтийг магтан ярихад Трамп толгойгоо гудайлгаж, нүдээ анин суужээ.

Дараа нь тэр гэнэт сэрж, суудлаа засаад Рубио руу харсан байна.

Гэвч дахин зүүрмэглэж эхэлжээ. Хэдэн хормын дараа Рубио коллежийн хөлбөмбөгийн плэйоффын тоглолтын талаар хошигноход хуралд оролцогчид чанга инээлдсэн ч Трамп сэрээгүй юм.

Рубиог ярьж эхлэхээс өмнө тэр бас хэд хэдэн удаа зүүрмэглэж харагдсан байна.

зураг
 

Сүүлд энэ талаар сэтгүүлчид асуухад Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч гурван цагийн турш үргэлжилсэн хурлыг анхааралтай сонсож, удирдаж байсан” гэж хариулжээ.

Бас энэ хурлын үеэр “Ерөнхийлөгч болон түүний гайхалтай баг Америкийг дахин агуу болгохын төлөө Америкийн ард түмний өмнө гаргасан амжилтуудаа дурдсан” гэж хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт тайлбарласан байна.

Саяхан “Нью Йорк Таймс” сонин 79 настай Трампын ажлын идэвх, дотоод томилолтын тоо өмнөх бүрэн эрхийн хугацаатай нь харьцуулахад нэлээд буурсан тухай мэдээлж байсан юм.

Энэ нийтлэл өндөр настай ерөнхийлөгчийн эрүүл мэндийн асуудлыг америкчуудын анхаарлын төвд дахин оруулж байв.

Трамп энэ оны нэгдүгээр сард тангараг өргөхдөө АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон юм.

“Нью Йорк Таймс” сонины нийтлэлд бухимдсан Трамп өөрийнхөө эрүүл мэндийн үзлэг шинжилгээний үр дүн төгс сайн байсныг гайхуулж, бичсэн эмэгтэй сэтгүүлчийг гадаад байдлаар нь доромжилж байв.

 

Эх сурвалж: CNN