2013 онд Японы түргэн хоолны томоохон сүлжээний ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн якүза байгууллагын гишүүнийг шүүх хурал өчигдөр Киото хотод эхэлжээ.
Шүүгдэгч нь тус улсын томоохон якүза байгууллага Күдо-кайгийн нэг салбарын ахлах гишүүн, 59 настай Юкио Танака юм.
Тэрбээр Ohsho Food Service Corp компанийн 72 настай ерөнхийлөгч Такаюүки Охигашийг байгууллагынх нь төв байрны авто зогсоол дээр буудаж хөнөөсөн хэрэгт буруутгагджээ.
“Гёзагийн хаан” хочтой Охигаши 2013 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр автомашинаасаа бууж байхдаа .25 калибрын автомат буугаар цээж болон хэвлийн хэсэгтээ дөрвөн удаа буудуулж алагдсан юм байна.
Түүний автомашинаас хэдэн зуун мянган иен бэлнээр олдож байжээ.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн газрын ойролцоо олдсон тамхины ишнээс Танакагийн ДНХ-ийн ул мөр олдсон юм байна.
Мөн уг тамхи нь тухайн үед Танакагийн татдаг байсан тамхины брэндтэй таарч байжээ.
Шүүх хурлын эхэнд Танака өөрийгөө “гэм буруугүй” гэж мэдэгдсэн байна.
Өмгөөлөгчид нь түүнийг аллага гарсан өдөр Киотогоос хэдэн зуун километрийн зайд оршдог Фүкүока мужийн нутаг дэвсгэрт байсан гэх баримтыг шүүгчдэд танилцуулжээ.
Танака одоо 2020 оны арваннэгдүгээр сард Фүкүока хотод Obayashi Corp компанийн эзэмшлийн автомашин руу буудсан хэрэгтээ 10 жилийн хорих ял эдэлж байгаа юм. Уг автомашинд тухайн үед гурван хүн зорчиж байжээ.
Токиогийн хөрөнгийн биржийн Prime Market топ жагсаалтад бүртгэлтэй Ohsho Food Service компани нь шарсан баншны рестораны сүлжээг “Gyoza no Ohsho” брэндийн дор ажиллуулдаг.
Тус компани 1967 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Япон даяар 700 гаруй салбартай болжээ.
Уг хэргийн шүүх хурал 12 ээлжээр үргэлжлэхдээ 40 орчим гэрчээс мэдүүлэг авах төлөвтэй байна. Хурал ирэх оны зургаадугаар сарын 29-нд дуусаж, аравдугаар сарын 16-нд шийдвэрээ гаргахаар төлөвлөгджээ.
Шүүх хурал шүүгчдийн багт мэргэжлийн бус гишүүн оролцуулалгүйгээр эхэлсэн байна. Якүза бүлгийн дарамт, айлган сүрдүүлэгт автаж болзошгүй гэсэн үндэслэлээр прокурорын байгууллага хүсэлт гаргасан тул шүүх зөвхөн мэргэжлийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар болжээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!