Сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Вьетнам улсын хэд хэдэн бүс нутагт үер, хөрсний гулгалтын гамшиг нүүрлээд байна.
Өнгөрсөн хугацаанд үүний улмаас хамгийн цөөндөө 90 хүн амиа алдаж, 12 хүн сураггүй болсныг албаныхан өчигдөр мэдээлжээ.
Улс даяар 186,000 айлын орон гэр сүйдэж, гурван сая гаруй мал хоргодсон байна.
Хамгийн их хохирол амссан Дак Лак уулархаг мужид арваннэгдүгээр сарын 16-наас хойш 60 гаруй хүн амиа алджээ.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Вьетнам улс дараалан байгалийн гамшигт нэрвэгдсэний сүүлийнх нь энэ үер болж байна.
Үүнээс өмнө Калмаэги, Буалой далайн хар салхинууд хоорондоо хэдхэн долоо хоногийн зайтай Вьетнамын нутаг дэвсгэрийг дайрч байсан юм.
Ням гарагийн өглөө тус улсад 258,000 орчим хүн гэрэл цахилгаангүй болж, хурдны замууд, төмөр замын зарим хэсэг хаагдсан байна.
Үерийн гамшигт хамгийн хүнд нэрвэгдсэн бүс нутгуудын аврах ажиллагаанд цагдаа, цэргийн нөөц хүчийг дайчилжээ.
Вьетнамын өмнөд болон төв бүсийн Куан Нгай, Гиа Лай, Дак Лак, Хань Хоа, Лам Донг гэсэн таван мужид нөхцөл байдал хүнд байгааг засгийн газар мэдээлж байна.
Ням гарагийн өглөө болсон онцгой байдлын шуурхай хуралдааныг Өмнөд Африкт Их 20-ын чуулганд оролцож буй тус улсын ерөнхий сайд Пам Мин Чин видео холбоогоор удирдан явуулжээ.
Баасан гарагийн байдлаар хэд хэдэн бүс нутагт голын усны түвшин 1.5 метрийг давж, зарим хэсэгт бүр 5.2 метр хүрсэн нь 1993 оноос хойш тохиолдоогүй үзэгдэл болсон байна.
Ойрын өдрүүдэд хур тунадасны хэмжээ багасах төлөв гарчээ.
Судлаачид хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий улсуудын нэгээр Вьетнамыг нэрлээд байгаа.
Энэ нь цаашдаа тус улсад далайн хар салхины эрч, давтамж улам нэмэгдэнэ гэсэн үг юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!