ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Энхийн төлөвлөгөөнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг сайшааж байгаагаа Зеленский мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд нэлээд маргаан дагуулаад байгаа АНУ-ын санаачилсан 28 зүйлт энхийн төлөвлөгөөнд нэмэхээр болсон өөрчлөлтийг сайшааж байгаагаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ.

“Одоо дайныг зогсооход шаардлагатай алхмуудын жагсаалт хэрэгжихүйц боллоо. Энэ төлөвлөгөөнд олон зөв элементүүдийг нэмж оруулсан” гэж тэр Даваа гарагт Телеграм хуудсандаа бичсэн байна.

Эндээс харвал Ням гарагт Женевт болсон уулзалтын үеэр Оросын талд буулт хийсэн заалтуудыг Европын холбоотнууд өөрчилж сайжруулсан бололтой.

Өнгөрсөн долоо хоногт нийтэд ил болсон төлөвлөгөөний хувилбарыг Оросын эрх ашигт хэт үйлчилсэн гэх шүүмж гараад байсан юм.

Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт дээрх шүүмжийг няцаасан байна.

“Дайныг дуусгах төлөвлөгөөндөө АНУ хоёр талын тэгш оролцоог хангаагүй гэж ойлгох нь том алдаа юм. Ерөнхийлөгч Дональд Трамп төлөвлөгөө нь хэрэгжиж чадна гэдэгт итгэлтэй, өөдрөг бодолтой байгаа” гэж тэр мэдэгджээ.

Женевийн уулзалт өндөрлөсний дараа Трамп сошиал хуудсандаа “ямар нэг сайн зүйл болж магадгүй” гэж бичсэн ч “нүдээр харах хүртлээ итгэж болохгүй шүү” хэмээн анхааруулсан байна.

Даваа гарагийн орой Зеленский шинэчилсэн төлөвлөгөө нь “үнэхээр зөв хандлагатай” болсныг мэдэгджээ.

“Эмзэг бөгөөд хамгийн нарийн төвөгтэй асуудлуудыг би ерөнхийлөгч Трамптай ярилцах болно” гэж тэр энэ үеэр хэлсэн юм.

Financial Times сонинд ярихдаа Украины гадаад хэргийн тэргүүн дэд сайд Сергей Кислица өмнө нь дуулиан дэгдээсэн 28 зүйлт төлөвлөгөө гэгч зүйл огт байхгүй болж, оронд нь 19 зүйлтэй шинэ төлөвлөгөө боловсруулагдсаныг мэдээлжээ.

Одоо уг төлөвлөгөөг талуудын удирдагчид батлах ажил үлдсэн гэнэ.

Украиныг дэмжигч Европын холбоотнуудын “виртуал хурал” өнөөдөр буюу Мягмар гарагт зохион байгуулагдахыг Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер өчигдөр зарлажээ. Энэ үеэр төлөвлөгөөний эцсийн хувилбарыг хэлэлцэх бололтой.

Харин ОХУ-ын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков өчигдөр Москвад сэтгүүлчидтэй уулзахдаа “Европын төлөвлөгөө урьдчилсан байдлаар ямар ч үр бүтээлгүй, бидний санаанд нийцэхгүй харагдаж байна” гэж хэлсэн байна.

Оросын тал Женевийн уулзалтад оролцоогүй, тэндээс ямар үр дүн гарсан талаар тодорхой мэдээлэлгүй байгааг тэр нэмж хэлжээ.

Трампын төлөвлөгөө гэгч бичиг баримт нийтэд ил болсны дараа Их Британи, Франц, Герман тэргүүтэй Европын холбоотнууд өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөг хариу танилцуулсан гэх мэдээлэл тараад байгаа.

Үүнд Оросын хяналтад байгаа Украины бүс нутгуудыг хүлээн зөвшөөрөхгүй байх, Украины армийн хэмжээг нэмэгдүүлэхийг дэмжих, тус улсыг НАТО-д элсүүлэх боломжийг нээлттэй үлдээх зэргээр 28 зүйлт төлөвлөгөөнд байсан заалтуудыг эсрэгээр өөрчилсөн гэлцэж байна.

 

Эх сурвалж: BBC