Уншиж байна ...

Варьете урлагийн одод болж явсан Германы 89 настай ихэр эгч дүүс өөрсдийн хүслээр амиа егүүтгэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

1950-аад оны үед варьете урлагийн тайзнаа од болон гялалзаж явсан ихэр эгч дүүс болох Алис, Эллен Кесслер нар 89 насандаа өөрсдийн хүслээр амиа егүүтгэснийг Германы Хүмүүнлэг Үхлийн Нийгэмлэг (DGHS) байгууллага өчигдөр мэдээлжээ.

Орон нутгийн цагдаагийн байгууллага өчигдөр ихрүүдийн амьдардаг байсан Мюнхен хотын Грюнвальд дүүрэг дэх гэрт нь дуудлагаар очсоноо мэдээлсэн ч шалтгаанаа тайлбарлаагүй байна.

Ихрүүд сайн дураар амьдралаа дуусгах хүсэлтэй хүмүүст тусламж үзүүлдэг DGHS байгууллагад гишүүнээр элсээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байжээ.

Тэд нэг өдөр хамтдаа амиа егүүтгэх хүсэлт гаргасныг тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Вега Вецел мэдээлсэн ч нарийн шалтгааныг дурдаагүй байна.

“Тэд шийдвэрээ урт хугацаанд сайтар бодсоны эцэст ямар нэг сэтгэцийн хямралын нөлөөгүйгээр гаргасан” гэж Вецел хэлжээ.

Өнгөрсөн онд ихрүүд Италийн “Corriere della Sera” сонинд ярилцлага өгөхдөө “Бидний хэн нь түрүүлж явах бол гэсэн бодлыг тэвчихэд маш хэцүү байна” гэж хэлсэн байдаг.

Тэд өөрсдийн чандрыг ээж Эльза, нохой Йелло нарын чандрын хамт нэг ваарт оршуулахыг гэрээсэлсэн байна.

Германы дээд шүүх 2020 онд хэрвээ хувь хүн өөрөө хүсвэл гаднын нөлөөгүйгээр, гуравдагч этгээдийн тусламжтай амьдралаа дуусгах эрхтэй гэсэн дүгнэлт гаргасны дараа тус улсад ийм аргаар нас барах явдлыг хуулиар зөвшөөрсөн юм.

Хонгор шаргал үс, урт хөлтэй, дуулах, бүжиглэх авьяастай ихэр Кесслерүүд 1950-1960-аад оны шоу ертөнцийн гоо үзэсгэлэнгийн стандарт болж байжээ.

Багадаа балетын сургуульд сурч байсан тэд 1952 онд Зүүн Германаас дүрвэж, удалгүй Парисын алдарт Лидо театрт бүжиглэж эхэлсэн байна.

Ихрүүд 1959 онд Евровижн дууны наадамд Герман улсыг төлөөлж, шоу нэвтрүүлгүүдэд оролцож, сэтгүүлийн нүүрэнд зургаа гаргаж, Фрэд Астер, Фрэнк Синатра, Элвис Пресли, Рок Хадсон зэрэг тухайн үеийн урлагийн ододтой эн зэрэгцэн алдаршиж байжээ.

зураг
 

Ихэр эгч дүүс хожим Италид ихээхэн алдаршиж, тус улсын төв телевизээр гарсан анхны варьете уран бүтээлчид, хөлөө харуулсан анхны эмэгтэй одод болон түүхэнд бичигдсэн юм.

Тэд католик шашны хуучинсаг үзлийн улмаас тунгалаг бус торон оймстой дэлгэцээр гарсан ч хөл нь “үндэсний хөл” хэмээн алдаршиж байсныг RAI телевиз мэдээлжээ.

1976 онд ихрүүдийн нүцгэн гэрэл зураг Плэйбой сэтгүүлийн Италийн хувилбарын нүүрэнд нийтлэгдэхэд гурван цагийн дотор дуусаж байсан гэдэг.

Италийн олон нийтийн телевизийн суваг RAI өчигдөр эгч дүүсийн дурсгалд зориулан бүтэн өдрийн хөтөлбөр цацжээ.

Эгч дүүсийн урлагийн замнал варьете шоуны эрин үе өндөрлөсний дараа ч удаан хугацаанд үргэлжилж байв. Тэд 2015-2016 онуудад Берлин, Мюнхен, Веннад тоглогдсон мюзиклүүдэд оролцож байжээ.

Тэд зөвхөн ажил хэргийн хамтрагчид байгаад зогсоогүй амьдрал нь салшгүй холбоотой байсан гэдэг.

Тухайлбал эгч дүүс хоорондоо холбогдсон яг ижил зохион байгуулалттай орон сууцанд амьдардаг, өдөр бүр үдийн зоогоо хамт барьдаг байжээ.

 

Эх сурвалж: CNN