Уншиж байна ...

"The MongolZ" баг шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Бразилын "FURIA"-ийн эсрэг маргааш тоглоно

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Intel Extreme Masters Chengdu 2025" тэмцээний хэсгийн шатны тоглолтууд Хятад улсын Чэнду хотноо зохиогдож, өчигдөр дууслаа.

Гурван өдрийн турш үргэлжилсэн хэсгийн шатны тоглолтоос Саудын Арабын "Team Falcons", Данийн "Astralis", манай улсын "The MongolZ", Германы "MOUZ", Бразилын "FURIA", Францын "Team Vitality" гэсэн багууд Playoffs шатанд тоглох эрх авлаа.

"The MongolZ" баг Playoffs шатанд шалгарахын төлөө ОХУ-ын "Team Spirit" багийн эсрэг өчигдөр тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгуулсан. Энэ тоглолтын шилдгээр манай багийн мэргэн буудагч "910" буюу Б.Өсөхбаяр тодорсон юм.

Тэд Intel Extreme Masters Chengdu-2025 тэмцээний Playoffs шатыг нээж Бразилын "FURIA"-ийн эсрэг маргааш 17:30 цагт тоглох хуваарьтай байна.

Хэрэв маргаашийн тоглолтод хожвол шөвгийн дөрөвт Саудын Арабын "Team Falcons"-ийн эсрэг энэ Бямба гарагийн 14:30 цагт "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглоно.

Манай улсын баг "FURIA"-ийн эсрэг тоглосон сүүлийн гурван учраандаа хожил байгуулж чадаагүй байгаа юм. Хамгийн сүүлд Thunderpick World Championship 2025 тэмцээний хэсгийн шатанд хожигдож байв.