ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Зорчигчийн зөөврийн компьютер ачааны хэсэгт унасны улмаас онгоц замаасаа буцсан тохиолдол АНУ-д гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын дундуур АНУ-ын United Airlines компанийн зорчигч тээврийн нисэх онгоц ховор сонин шалтгаанаар замын дундаас буцсан тохиолдол гарчээ.

Аравдугаар сарын 15-ны өдөр нийслэл Вашингтон хотын нисэх буудлаас Италийн нийслэл Ром хотын чиглэлд хөөрсөн Boeing 767 онгоц ердөө нэг цагийн дараа буцаж газардсан байна. Энэ чиглэлийн нислэг есөн цаг орчим хугацаанд үргэлжилдэг.

Нэг зорчигч зөөврийн компьютерээ санамсаргүй гараасаа алдсан нь бүхээгийн хана дагаж унахдаа нарийхан завсраар онгоцны ачааны хэсэг рүү унажээ.

“Зорчигч онгоцны бүхээгийн хажуугийн хананаас зөөврийн компьютерээ ачааны хэсэг рүү унагасантай холбоотой жижиг асуудал гарлаа” гэж нэг нисгэгч нь агаарын хөдөлгөөний удирдах төвд радио холбоогоор мэдэгдсэн байна.

Тэрбээр цааш нь тайлбарлахдаа “Бид унасан компьютер ямар байдалтай байгааг мэдэхгүй, харах боломжгүй байна. Тиймээс хэтэрхий оройтохоосоо өмнө буцаж газардаад унасан компьютерыг олж авахаар шийдлээ” гэж хэлжээ.

“Засвар үйлчилгээний баг зөөврийн компьютерыг ачааны хэсгээс гаргаж, онгоцыг шалгасны дараа Ром чиглэлийн нислэг үргэлжилсэн” гэж United Airlines компанийн төлөөлөгч сүүлд мэдээлсэн байна.

Зөөврийн компьютер лити ион батарейтай байдаг тул галын аюулаас сэргийлэх зорилгоор ийм онцгой арга хэмжээ авчээ.

Ийм төрлийн батарей гэмтвэл хэт халсны улмаас гал гарах эрсдэл бий болдог.

Тиймээс сүүлийн үед агаарын тээврийн компаниуд батарей тээвэрлэхэд тавигддаг шаардлагаа чангаруулах болсон.

Өмнө нь 2024 онд United Airlines компанийн Ирландын чиглэлд ниссэн онгоцны бизнес ангиллын суудлын завсар зөөврийн компьютер гацсан тул замаасаа буцаж байжээ.

Энэ оны дөрөвдүгээр сард Лос-Анжелес хотоос Мюнхений чиглэлд ниссэн Люфтханза компанийн онгоцны суудлын завсар нэг хэрэглэгчийн таблет гацахад бас ийм арга хэмжээ авсан байна.

 

Эх сурвалж: Business Insider