Дэлхийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч найм дахь удаагаа сонгуульд ялсныг Камеруны дээд шүүх зарлалаа
Камерун улсын дээд шатны шүүх аравдугаар сарын 12-ны өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын одоогийн ерөнхийлөгч Пол Бияа ялсныг өчигдөр зарлажээ.
Одоо 92 настай Бияа нь дэлхийн хамгийн өндөр настай ерөнхийлөгч бөгөөд найм дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадвал төв Африкийн Камерун улсыг 99 нас хүртлээ удирдах юм.
Сонгуулийн ганцхан кампанит ажил зохион байгуулсан Бияа нийт сонгогчдын талаас илүү хувийн санал авсныг шүүх зарлажээ.
Түүний гол өрсөлдөгч Исса Чирома сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн байна.
“Сонгууль болоогүй. Энэ бол багт наадам байсан. Бид ялсан нь эргэлзээгүй” гэж 35.2 хувийн санал авсан Чирома мэдэгджээ.
Бияа 53.7 хувийн саналаар ялсныг Камеруны Үндсэн Хуулийн Шүүх зарласан юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Камеруны хотуудад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулагдахад дөрвөн хүн хууль сахиулагчдын гарт амиа алдсан байна.
Бияа 1982 оноос хойш Камеруныг удирдаж байгаа юм.
Өндөр насны улмаас эрүүл мэнд нь доройтсон тэрбээр олны өмнө ил гарах нь эрс багасаад байгаа.
Бияа сүүлийн сонгуулийн кампанит ажлуудад бараг оролцоогүй бөгөөд есдүгээр сард долоо хоног гаруй хугацааг Швейцарт эмчлүүлж өнгөрүүлсэн юм.
Энэ удаагийн сонгуульд 83 хүн нэрээ дэвшүүлсэн ч дөнгөж 12-т нь өрсөлдөх зөвшөөрөл өгсөн байна.
Ням гарагт Камеруны хамгийн том хот Дуалад сонгуулийн дүнг эсэргүүцэгчид цагдаагийн албан хаагчидтай мөргөлдөх үеэр дөрвөн хүн алагдаж, 100 гаруй хүн баривчлагджээ.
Цагдаа нар эхлээд нулимс асгаруулагч хий хэрэглэж байгаад сүүлд жинхэнэ сумаар буудаж эхэлснийг гэрчүүд баталж байна.
Мөн Камерун даяар сүүлийн өдрүүдэд интернэтийн сүлжээ олонтоо тасалдах болжээ.
Бияа өөрийг нь хамгийн их дэмждэг Камеруны хойд бүсийн Маруа хотод аравдугаар сарын 7-ны өдөр цорын ганц сонгуулийн кампанит ажил зохион байгуулж байв.
Энэ үеэр тэр чичирсэн хоолойгоор ажлын байрыг нэмэгдүүлж, бизнес эрхлэлтийг дэмжиж, аюулгүй байдлыг сайжруулахаа амлаж байжээ.
Хүн амынх нь 40 хувь ядуурлын түвшинд амьдардаг Камерун улсад эдийн засгийн асуудал хамгийн чухал юм.
Үүнээс гадна Камеруны хойд бүс нутагт англи хэлтэй хоёр муж салан тусгаарлах тэмцэл явуулсаар байгаа. Энэ тэмцлийн улмаас 2017 оноос хойш 6,500 орчим хүний амь үрэгдсэн тухай International Crisis Group мэдээлсэн байдаг.
Бияагийн засаглалын үед албан тушаалтнуудын авлигын дуулиан олон удаа гарсан ч эрх баригчид ямар ч арга хэмжээ авалгүй нам гүм байгаа нь иргэдийг бухимдуулдаг юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
