Сүүлийн үед Өмнөд Солонгосын жуулчдын эсрэг чиглэсэн гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Камбож улсаас иргэдээ яаралтай татахыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сун Лoк уриалжээ.
Наймдугаар сард Камбож улсад аялж байсан оюутан залуу гэмт хэрэгтнүүдийн гарт хэрцгийгээр алагдсаны дараа энэ асуудал хурцаар яригдаж, хоёр улсын дипломат харилцаанд томоохон асуудал үүсгээд байгаа.
Уг асуудлаар байгуулагдсан засгийн газрын ажлын хэсгийн Даваа гарагийн хуралдааны үеэр Ви Сун Лок “Хүмүүнлэг ёсны үүднээс аюултай нөхцөлд байгаа иргэдээ яаралтай буцаах асуудлыг нэн тэргүүнд тавих ёстойг” онцолсныг ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Кан Юү Жүн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Шаардлагатай бол иргэдийг үе шаттайгаар эх оронд нь буцаах асуудлыг авч үзэхийг албан тушаалтнуудад даалгалаа. Цаашид хохирол нэмж гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор засгийн газар цагдаагийн ажилтныг Камбож улсад илгээж, орон нутгийн эрх баригчидтай хамтран ажиллуулах, нөхцөл байдлыг үнэлүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцолсон” гэж тэр хэлсэн байна.
Ажлын хэсгийн хуралдаанд тус улсын гадаад хэргийн яам, хууль зүйн яам, цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд оролцжээ.
Өчигдөр үдээс өмнө Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Чо Хюн “Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг тээвэрлэх нисэх онгоц илгээх асуудлыг Камбожийн талтай ярилцаж байна” гэж мэдээлсэн юм.
Зөвхөн энэ оны эхний найман сарын хугацаанд Өмнөд Солонгосын 330 иргэн гэмт хэргийн золиос болсон гэх тоо баримтыг Камбож дахь дипломат эх сурвалж мэдээлжээ.
Үүнд гэмт хэргийн бүлэглэлүүд тус улсын иргэдийг хулгайлан барьцаалж, ар гэрээс нь мөнгө нэхэх хэрэг голлож байгаа гэнэ.
Бямба гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн иргэдээ гэмт хэргээс хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!