Иргэдийнх нь эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгосын засгийн газар Камбож улсын хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүнд өөрийн цагдаагийн хэсгийг нээхээр болсныг Ням гарагт мэдээлжээ.
Аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Сөүл хотод зохион байгуулагдах Олон Улсын Цагдаагийн Чуулга уулзалтын үеэр хоёр улсын үндэсний цагдаагийн байгууллагын дарга нар энэ асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Өмнөд Солонгос улс өмнө нь 2012 онд Филиппинд, дараа жил нь Тайланд улсад өөрийн иргэдийг хамгаалах зорилгоор цагдаагийн хэсгээ нээж байжээ.
Саяхан Камбож улсад аялж байсан солонгос оюутан орон нутгийн гэмт хэргийн бүлгийн гарт амиа алдсан юм.
Түүнийг гэмт хэрэгтнүүд хулгайлж, эрүүдэн шүүж алсан гэж үзэж байна.
Урьдчилсан үзлэгээр эрүү шүүлтийн хүчтэй өвдөлтийг тэсвэрлэж чадаагүй хохирогчийн зүрх нь зогссон гэж дүгнэжээ.
Умард Гёнсан мужийн Ечон хотоос долдугаар сарын 17-нд Камбожид амрах зорилгоор ирсэн 22 настай хохирогчийн цогцсыг сураггүй болсноос нь хойш хоёр долоо хоногийн дараа олсон юм байна.
Түүнийг Камбожид очсоноос хойш долоо хоногийн дараа үл таних этгээд ар гэрийнхэнтэй нь холбогдож, 50 сая вон ($38,500) нэхэж байжээ.
Гэвч хэд хоногийн дараа холбоо тасарсан юм байна.
Сүүлийн жилүүдэд Камбож улсад Өмнөд Солонгосын иргэдийг чиглэсэн гэмт хэргийн тоо эрс нэмэгджээ.
Тухайлбал энэ оны эхний найман сарын хугацаанд солонгос иргэдийг Камбожид хулгайлсан, барьцаалсан хэрэг 330 удаа гарсныг Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам мэдээлсэн байна.
2021 онд дөрөв, 2022 онд 11, 2023 онд 21, 2024 онд 221 ийм төрлийн гэмт хэрэг гарч байжээ.
Баасан гарагт Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Чо Хюн тус улсад суугаа Камбожийн элчин сайдад өөрийн биеэр эсэргүүцэл илэрхийлж, иргэдийг нь гэмт хэргээс хамгаалахад идэвхтэй хамтран ажиллахыг Камбожийн засгийн газарт уриалсан юм.
Ийм эсэргүүцлийг ихэвчлэн гадаад хэргийн дэд сайд, яамны хэлтсийн даргын түвшний албан тушаалтнууд гаргадаг тул дээрх алхмыг Өмнөд Солонгосын талаас авсан нэлээд хүчтэй дипломат арга хэмжээнд тооцож байна.
Бямба гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн иргэдээ хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахыг гадаад хэргийн яамандаа даалгажээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!