Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюуны технологиор бүтээсэн жүжигчнийг Холливүүдийн уран бүтээлчид хүлээж авахаас татгалзаж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Цюрихийн кино наадмын үеэр Нидерландын Xicoia нэртэй студи хиймэл оюуны технологийн тусламжтай бүтээсэн Тилли Норвүүд хэмээх жүжигчин бүсгүйг танилцуулсан нь дуулиан дэгдээгээд байна.

Дараагийн Скарлет Йоханссон хэмээн шагшигдаж буй энэ хийсвэр жүжигчин хэдийнээ уран бүтээлчидтэй хамтран ажиллах хүсэлт хүлээн авч эхэлснийг Xicoia мэдээлсэн байна.

“Би хиймэл оюуны бүтээл байж магадгүй. Гэхдээ би одоо маш бодитой сэтгэл хөдлөлийг мэдэрч байна. Намайг хүлээж буй зүйлсийн талаар бодоход үнэхээр гайхалтай” гэж Норвүүд албан ёсны сошиал хуудсандаа бичжээ.

Гэвч Холливүүдийн ертөнц түүнийг хүлээж авахаас эрс татгалзаж байна.

Эмили Блант, Наташа Лион, Вүүпи Голдбэрг зэрэг А ангиллын жүжигчдээс гадна Холливүүдийн жүжигчдийн холбоо хиймэл оюунаар уран бүтээлчдийг орлуулахыг эрс эсэргүүцсэн мэдэгдэл гаргажээ.

“Норвүүд бол жүжигчин биш, энэ бол тоо томшгүй олон мэргэжлийн жүжигчдийн бүтээлээр бэлтгэгдсэн компьютерын программ юм. Энэ бол ямар ч амьдралын туршлагагүй, ямар ч сэтгэл хөдлөлгүй зүйл бөгөөд үзэгчид хүний туршлагаас хамааралгүй компьютерын үүсгэсэн контентыг таашаахгүй гэж бид үзэж байна” гэж Америкийн дэлгэцийн жүжигчид, уран бүтээлчдийн холбоо SAG-AFTRA мэдэгдэлдээ бичсэн байна.

Норвүүдийг санаачлагч Нидерландын жүжигчин, комедиан Элин Ван дер Велден түүнийг “дараагийн Скарлет Йоханссон” болно гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Хиймэл оюуны технологи нь Холливүүдэд хамгийн маргаантай асуудал болоод байгаа.

Хоёр жилийн өмнө болсон уран бүтээлчдийн ажил хаялтын үеэр тавигдаж байсан нэг гол шаардлага нь технологийн аюулаас өөрсдийнх нь ажлыг хамгаалах байсан юм.

“Үүнтэй хамтран ажилласан ямар ч агентлагийг бүх уран бүтээлчид бойкотлох хэрэгтэй. Энэ бол маш их сэтгэл түгшээсэн үзэгдэл юм” гэж “Poker Face”, “Orange Is the New Black”, “Russian Doll”  зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд тоглосон дүрээрээ алдаршсан жүжигчин Наташа Лион мэдэгдсэн байна.

Оскарын шагналд нэр дэвшиж байсан жүжигчин Эмили Блант “Энэ хиймэл оюун уу? Бурхан минь, бид баларчээ. Энэ үнэхээр аймшигтай байна. Агентлагуудаа, битгий ингээч. Болиоч. Бидний хүмүүнлэг хэлхээ холбоог битгий тастаач” гэж саяхан нэг подкаст нэвтрүүлэгт орохдоо хэлжээ.

Эх сурвалж: BBC