Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хогны уут уу, махны уут уу

Б.Долгор, Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 20
Өдрийн шуудан
Хогны уутны мөрөөр-1

“Азийн цагаан дагина” гэсэн бичигтэй ногоон уут айл бүрт “зочлоод” хэдэн сарын нүүрийг үзэж буй.

Хотын захиргаанаас гурван тэрбум төгрөг зарцуулан байж айлуудад хог хаягдлаа хийх уут тараасан.

Эхэндээ орцны жижүүрүүд хаалга тогшин тарааж гарын үсэг зуруулаад их л сүртэй хүлээлгэж өгдөг байлаа. Харин сүүлдээ хорооноос очиж аваарай гэсэн зар тараадаг болов.

Монголчууд шинэ хэрэглээнд дасахдаа хойрго болохоор байнга шүүмжилдэг нь нууц биш. Хэт нимгэн, орон сууцны айлууд хэрэглэхэд дэндүү том гэх зэргээр өөлж гоочлох нь олонтаа. Хогоо зориулалтынх нь уутанд савлах хэрэглээнд нийслэлчүүд дасахад даанч хол байна.

Ингэж хэлэхийн учир амралтын өдөр Булган аймгийн Рашаант сумаас ирсэн зочин хогны уут сураглалаа. “Хотод тараагаад байгаа хогны ногоон уут мах савлахад их зүгээр юм билээ. Манай Рашаантынхан өвлийнхөө идшийг тэр ногоон уутанд хийгээд л хадгалчихсан.

Давхарлаж байгаад махаа савлачихад их боломжийн юм байна. Бас хэмжээ нь том” гэж ирээд ихэд олзуурхав. Хотынхны хэрэглээ болж хог хийх зориулалттай ногоон уут хөдөөгүүр тэнүүчилж махны уут болсныг ганц биш хүн хэлж байгаа юм.

Гэтэл хүнсний бүтээгдэхүүн савлах уут, тугалган цаас гээд тусдаа бий. Гялгар уут, сав баглаа боодпын үйлдвэрээр хэдэн сарын өмнө ороход энгийн хэрэглээний гялгар уут, хогны, хүнснийх гээд зориулалтаараа үйлдвэрлэх технологи, түүхий эд орц найрлага нь өөр байдаг юм билээ. Жишээлбэл, хогны уут үйлдвэрлэхэд урд хөршийн үнэ хямд түүхий эд хэрэглэдэг.

Тэгвэл хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлыг дэлхийн нэртэй компанийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан чанарын баталгаатай түүхий эдээр үйлдвэрлэдгээ дуулгаж байсан. Харин манай хөдөөнийхөн хэнэггүй зан нь хэтрээд махаа хогны уутанд савлачихаад сууж байдаг. Ариутгаагүй уутанд махаа хэдэн cap хадгалж байгаад иднэ гэж бодохоор эрүүл мэнд яах билээ гэсэн эмзэглэл төрснийг яана.

Иргэдэд хүлээлгэх хариуцлага хаана байна

Хогны ногоон уут тараахдаа Хот тохижилтынхон зориулалтаар нь хэрэглээгүй айлуудад хариуцлага тооцно. Тэр байтугай дэлгүүрээс худалдаж авсан map, цэнхэр торонд хог хийж хаясан тохиолдолд ачихгүй гэж ярьсан. Харин өнөөх хариуцлага хаана байна.

Манайхан дандаа түүхий зүйл хийж байдаг болохоор хууль журам нь хэрэгждэггүй гээд хэлчихвэл дэндүүлсэн болохгүй биз. Айл бүрт хогны уут тараахдаа нэрээ бичиж хаях хэрэгтэйг сануулах ёстой байсан юм. Ийм шахалт шаардлага байхгүйгээс өнөөдөр журам дүрэм нь хэрэгждэггүй.

Хогны уутаа зориулалтаар нь хэрэглэж сурцгаая, нийслэлчүүд ээ

Япон зэрэг өндөр хөгжилтэй орны иргэд хог хаягдлаа ангилан ялгаж хаяхаас гадна нэрээ бичиж ачуулдгийг тэнд цөөнгүй жил амьдарсан хүн сонирхуулсан. Харин монголчуудад хэрэглээнээс эхлээд соёлжих ухамсар алга. Хогоо байрныхаа орцоор дүүргээд хаячихна.

Зориулалтын уутанд хий гээд тусгайлан тараагаад өгч байхад хөдөөнийхөө хамаатан садных руу явуулчихна. Эсвэл өөрсдөө гутал, хувцсаа хийчихээд гудамжаар хэнэггүй алхах нь энүүхэнд. Нийслэлийнхэн хогоо зориулалтын уутанд хийж хаядаг болоод заншчихвал энэ жилээс эхлээд хоёр өөр өнгийн уут тарааж ангилан ялгуулж савлуулдаг болгох юм гэсэн.

Гэтэл ногоон уутаа хэрэглэж заншихгүй хөдөө явуулаад байгааг хазаарлах аргыг холбогдох газар нь бодоход илүүдэхгүй биз ээ. Ардчилсан нийгмийн энэ үед соёлын хувьсгал эхлүүлэх хэрэгтэй болох нь. Хотын иргэдээ соёлжуулахад холбогдох газар нь санаа тавих цаг болжээ. Үгүй ядаж хогны уутаа зориулалтаар нь хэрэглүүлж сургамаар байна. Өчнөөн мөнгө салхинд хийсгэчихээд хэргийг нь хийхгүй бол хэн хариуцлага үүрэх вэ.

 

Зураг