УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа Монголын Волейболын Холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ
Монголын Волейболын Холбоо (МВХ)-ны ээлжит бус чуулган энэ сарын 6-нд болжээ. Чуулганд 202 төлөөлөгч оролцохоос 187 төлөөлөгч ирсэн юм.
Дүрмийн дагуу чуулганы бүрэн эрхийн хүрээнд энэ оны тавдугаар сараас эхлэн удирдлагагүй байсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, ерөнхийлөгчид гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс Намсрай овогтой Амарзаяа олонхын саналаар шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Ийнхүү тэрбээр МВХ-ны 11 дэх, анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо.
Өнгөрсөн онд ээлжит бус чуулганаар "Багануур" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Түвшинжаргал томилогдсон ч тодорхой шалтгааны улмаас энэ оны тавдугаар сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм.
Түүнчлэн шинэ дүрмийн хүрээнд ерөнхийлөгчийн багийг баталсан бөгөөд МВХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Батжаргалын Дөлгөөн, Дэд ерөнхийлөгчөөр Батнямын Тамир, Төгсмандалын Тогтохбаяр нар ажиллахаар болжээ.
Шинэ ерөнхийлөгч Н.Амарзаяа нь 2016 оны Улсын Их Хурал (УИХ)-ын сонгуулиар Өмнөговь аймагт Монгол Ардын Нам (МАН)-аас нэр дэвшиж, 7,434 хүний саналаар гишүүнээр сонгогдсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
