Сонгуулийн хоёр ялагдлын дараа Япон улсын ерөнхий сайд огцорлоо
Хоёр ч сонгуульд дараалан ялагдал хүлээсэн Япон улсын ерөнхий сайд Шигэрү Ишиба жил хүрэхгүй хугацааны дараа албан тушаалаасаа огцорлоо.
Эрх баригч Либерал Ардчилсан Нам шинэ удирдлагаа дотоод сонгуулиар тодруулах эсэх асуудлаар санал хураалт явуулахын өмнөх өдөр тэр ийнхүү огцорсон байна.
Япон улсыг сүүлийн 70 жилийн ихэнх хугацаанд удирдаж буй Либерал Ардчилсан Нам хоёр сонгууль дараалан ялагдал хүлээхдээ 15 жилийн дараа анх удаа парламентын доод танхимд цөөнх болсон бол долдугаар сард дээд танхимд мөн олонхын статусаа алдсан юм.
Дэлхийн дөрөв дэх том эдийн засагтай, АНУ-ын гол холбоотон Япон улс бүс нутагт Хятад болон Умард Солонгостой сөргөлдөөн эрчимжсэн цаг үед ийнхүү улс төрийн тогтворгүй байдалтай тулгарч байна.
“АНУ-тай худалдааны яриа хэлэлцээ үр дүнд хүрсэн энэ үеийг би тохиромжтой цаг гэж бодож байна. Үндэсний хямрал гэж тодорхойлж болох АНУ-ын авсан тарифын арга хэмжээг яриа хэлэлцээгээр эцэслэн шийдвэрлэх нь манай засгийн газрын үүрэх ёстой хариуцлага гэдэгт би хатуу итгэж байсан юм” гэж Ишиба мэдэгджээ.
68 настай тэрбээр залгамжлагчаа тодрох хүртэл “ард түмний өмнө хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх”-ээ амласан байна.
Одоо Либерал Ардчилсан Нам шинэ даргаа сонгосны дараа парламент дараагийн ерөнхий сайдыг томилох юм.
Шигэрү Ишиба нь 2024 оны аравдугаар сард ерөнхий сайд болохдоо үнийн өсөлттэй тэмцэхээ амлаж байв.
Түүний засаглалын хугацаанд инфляцын өсөлт, ялангуяа цагаан будааны үнэ хоёр дахин өссөн нь гол сорилт болсон юм.
Үүнээс гадна танхимдаа хоёрхон эмэгтэйг сайдаар томилсон, намын гишүүддээ үнэтэй бэлэг тараасан зэрэг маргаантай асуудлууд Ишибагийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
