Трампаас Путинд илгээсэн анхааруулга: Юу болохыг удахгүй харах болно
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн цагийн өмнө Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчидтэй уулзахдаа Украины дайныг зогсоох хүчин чармайлтынхаа явцын талаар ярьжээ.
Тэрбээр өчигдөр Хятадын цэргийн парадад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Ши Жиньпинтэй мөр зэрэгцэн оролцсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан юм.
ОХУ-ын ерөнхийлөгчид хандаж хэлэх зүйл байгаа эсэхийг Трампаас асуухад “Ерөнхийлөгч Путинд хэлэх зүйл надад алга. Тэр миний байр суурийг мэдэж байгаа. Тэр ямар нэг шийдвэр гаргах болно. Түүний шийдвэр нэг бол намайг баярлуулна, эсвэл гонсойлгоно. Хэрвээ түүний шийдвэрт би сэтгэл дундуур байвал юу болохыг та нар удахгүй харах болно” гэж хариулсан нь далд утгатай сүрдүүлэг мэт сонсогдож байлаа.
Энх тайвны хүчин чармайлтыг нь дэмжихгүй байгаа Оросын эсрэг засаг захиргаа нь хангалттай арга хэмжээ авахгүй байгаа талаар сэтгүүлч асуусан нь Трампыг илт бухимдуулсан байна.
“Ямар ч арга хэмжээ аваагүйг яаж мэдэж байна вэ? Хятадтай бараг ижил газрын тос худалдаж авдаг Энэтхэг улсын эсрэг зарласан хоёрдогч хориг арга хэмжээг юу гэх вэ? Орос улсад хэдэн зуун тэрбум ам долларын хохирол учруулсан ийм арга хэмжээг юу ч хийгээгүй гэх үү? Та нар үүнийг юу ч хийсэнгүй гэж хэлж байна. Би хоёр дахь, гурав дахь шатны арга хэмжээгээ хараахан хэрэгжүүлээгүй байгаа шүү” гэж тэр хариулжээ.
Трамп цааш нь “Та нар санаж байгаа бол хоёр долоо хоногийн өмнө би Энэтхэг улс Оросын газрын тосыг худалдаж авсаар байвал том асуудалтай тулгарахыг хэлж байсан. Тэгвэл одоо ийм зүйл болоод байна. Тиймээс намайг юу ч хийгээгүй гэж битгий хэлээрэй” гэж анхааруулсан байна.
Хэдийгээр Трампын засаг захиргаа энх тайван тогтоох хүчин чармайлтыг нь дэмжихгүй бол Оросын эсрэг арга хэмжээ авахаа удаа дараа анхааруулсаар байгаа ч бодитой хэрэгжсэн зүйл бага байгаа нь үнэн юм.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
