Бие дээр хатиг, идээт үрэвсэл туурах нь дархлаатай холбоотой. Хатиг нэг л гарсан бол заавал долоо давтаж гардаг гэх ойлголт иргэдийн дунд бий.
Тэгвэл дээрх бүх ойлголт нь өрөөсгөл бөгөөд хатиг, идээт үрэвсэл гарах шалтгааны талаар Арьс гоо заслын тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Сарангуа дараах мэдээллийг хүргэсэн юм.
Хатиг гарах шалтгаан ба эмчилгээний оновчтой аргын талаар түүнээс тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ "Хүний нүүр, их бие, мөчдөөр жижигхэн шар үснүүд бий.
Тухайн шар үсний хажуугаас тосны булчирхай тосоо шахдаг. Өөрөөр хэлбэл шар үсээ дагаад тос гарч ирдэг гэсэн үг. Үсний уутанцрын дээд талын гуравны нэг нь үрэвсэхийг үсний уутанцрын үрэвсэл гэж хэлнэ.
Харин тосны булчирхай идээлээд өвчтэй хөндүүр тууралт гарахыг батга гэнэ. Үсний уутанцар бүхэлдээ идээлбэл хатиг болно.
Хатиг үүсгэгч нь агаартай орчинд үрждэг бактериуд юм. Үүний хэв шинж нь дотроо харилцан адилгүй. Тиймээс бактериологи буюу идээг шахаж шинжилгээгээр ямар бактери ургаж байна вэ, түүнийх нь эсрэг эмчилгээг хийдэг.
Ямар антибиотикт энэ бактери үхэх вэ гэдгийг тодорхойлно" гэв.
Идээлэх, хатиг гарахад нөлөөлөх хүчин зүйлсийн талаар "Арьсны хүчил шүлтийн тэнцвэрт байдал буюу шүлтлэг орчин давамгай болсноор бактери мөөгөнцөр үржих таатай орчин бүрддэг.
Хөлрөх нь үүнд нөлөөлж болно. Дотоод шүүрэл эсвэл идэж ууж буй бүтээгдэхүүн хөлсийг ялгаруулдаг.
Мөн гаднаас шалтгаантай хатиг гарч болно. Тодруулбал
Ер нь хатиг гарахад дотоод, гадаад аль аль талаасаа нөлөөлнө" гэлээ.
Түүнчлэн хатгийг гэрийн нөхцөлд эдгээх иргэдийн түгээмэл арга хэр оновчтой болохыг тодрууллаа.
Сэтгүүлч: Хатгийг шууд дархлаатай холбож ойлгодог. Түүнчлэн нэг гарахаараа заавал долоо давтаж гарах ёстой юу, эсвэл өрөөсгөл ойлголт уу?
Эмч: Энэ бол өрөөсгөл ойлголт. Үсний уутанцар идээлэхэд заавал долоо эсвэл 21 удаа хатиг гарах албагүй. Хатиг дахин дахин давтаж гараад байна гэдэг чинь тухайн бактери үржих нөхцөл нь бүрдээд байна гэсэн үг.
Дархлаа сулрахаар бүх өвчин сэдэрнэ. Нөгөө талаасаа сахарын өвчлөлтэй, цусанд нь сахар ихсээд арьсны гадаргууд хөлстэй хамт сахар ялгараад ирвэл тос нь холилдоод жинхэнээсээ бактериудын хоол болоод байна шүү дээ.
Идэж уух зүйлсээрээ цусан дахь сахараа ихэсгээд байж болно. Мөн чихрийн шижин болон бусад дотоод шүүрлийн өвчнүүд байж болно.
Сэтгүүлч: Дахин давтан гаргахгүйн тулд яах вэ?
Эмч: Мэргэжлийн арьсны эмчид үзүүлэхийг зөвлөнө.
Арьсны эмчид үзүүлээд арьс арчилгаандаа анхаарах эсвэл антибиотик сонгох зэргээр мэргэжлийн арьсны эмчид үзүүлэх нь зүйтэй.
Сэтгүүлч: Манайхан эмчид хандалгүй шууд өмхий ногоон тосоор боочихдог хандлага ажиглагддаг. Энэ оновчтой арга байж чадах уу?
Эмч: Дутуу л болоод байгаа гэсэн үг. Сүүлийн жилүүдэд тэсвэржилттэй бактериар үүсгэгдсэн идээт өвчин дахин дахин гараад байгаа. Хоёрын хооронд эмийн сан ороод нэг антибиотик аваад уучихдаг. Тэр антибиотик нь эхлээд дарж байгаа юм шиг болж байснаа дараа нь дарахаа больчхож байна.
Сэтгүүлч: Цаашилбал идээт үрэвсэл бүр ясанд орох эрсдэлтэй байдаг гэж сонссон.
Эмч: Тийм ээ. Идээт үрэвсэл цус руу орчихвол менингит болж болно. Ясандаа гэдэг нь ясны хальсыг нь үрэвсүүлнэ гэсэн үг. Тэгвэл ясны үрэвсэл болж хүндэрнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!