Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Алтанзул: Батга гарах нь шилжилтийн насны онцлог гэж үздэг. Харин батгашилт бол өвчин юм

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн IV их хурал "Чингис хаан" зочид буудалд өчигдөр болов. 

Энэ үеэр зонхилон тохиолдох арьсны өвчлөл ба батгашилтын талаар Анагаах ухааны доктор, арьсны эмч Х.Алтанзулаас тодруулснаа хүргэе. 

Урьд нь удамшлын шалтгаант арьсны өвчлөл зонхилон тохиолддог байсан бол одоо гадаад орчны нөлөөлөл давамгайлах боллоо. 

Арьсны өвчин нь тухай улс орны үйлдвэржилт, автомашин, тоос шороо, агаар мандал, хоол хүнс зэрэгтэй холбоотой болж байгааг хэлсэн юм. 



Мөн тэрбээр "Харшлын гаралтай арьсны өвчлөлүүд бага насныхан илүү илэрч байна. 

Энэ нь өдөр тутамдаа идэж буй хоол ундны хэрэглээтэй холбоотой. Биднийг бага байхад гээд ярьчихъя. Одоогоос 30-40 жилийн өмнө батгатай хүүхдүүд маш цөөн байсан.

Тэр үеийн хүүхдүүдэд ч адилхан шилжилтийн нас байсан уу гэвэл, байсан. Гэтэл яагаад батга бага байсан юм бэ?

Яагаад гэвэл нүүрс усны хэрэглээ бага байсан. Өөрөөр хэлбэл ундаа, чихэрлэг бүтээгдэхүүн, элдэв амттан, амтлагчийн хэрэглээ багатай байсан гэсэн үг. 

Батгашилт бол байдаг л зүйл, шилжилтийн насны онцлог гэж үздэг байсан. Харин эсрэгээрээ батгашилт бол өвчин юм" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Насанд хүрэгчдэд мэдрэл цочролоос үүдсэн арьсны загатнаатай өвчнүүд түлхүү илэрдэг. Мөн бодисын солилцооны гаралтай арьсны өвчлөл бий.

Өвчин үүсэхэд удамшил нэлээд том байр суурийг эзэлдэг. Гэхдээ аливаа өвчинд өртөмтгий байгаа байдал нь хувь хүний амьдралын хэв маягтай шууд хамааралтай.

Мэдээж өвлийн утаа, агаарын бохирдол, машин тэрэг, хэрэглэж байгаа ахуйн хэрэглээний бодис зэрэг нь хувь хүнээс хамааралгүй хүчин зүйлс болно" гэв.