Эрдэнэсийн сангийн тухай итгэхэд бэрх гэмээр домог яриаг хүн төрөлхтөн үе дамжин ярьсаар иржээ.
Техник технологи хөгжиж хөрсөн дор юу байгааг таамаглахад амар хялбар болж юу ч үлдээгүй мэт.
Гэхдээ хорвоо дэлхий уудам. Хаана ч юу ч байж болно. Эрдэнэсийн сангийн тухай домог энд тэнд амилсан хэвээр л байна.
Энэ тухай товч өгүүлсү.
Шипе тотека бурхны алтан шуумал болон болор гавал
1932 оны нэгдүгээр сарын 9-нд археологич Альфонсо Касод аз тохиов. Мексикийн өмнөд нутагт тэрбээр Сапотекийн /Zapotec/ соёл иргэншилд хамаарах XIII зууны үеийн булш илрүүлжээ. Эндээс олдсон эрдэнэсийн сан нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том, хамгийн үнэ цэнэтэй олдвор хэмээн нэрлэгддэг.
Мексикийн өмнөд нутгийн Монте-Альбан бол археологийн “дархан газар” юм. Альфонсо Касогийн багийнхан 1930-аад оноос тэнд малталт хийж эхэлжээ. Үнэхээр ганзага дүүрэн байв.
Тэд тэнд Сапотекийн үеийн индианчуудын эртний суурин илрүүлжээ. Нэгэн цагт Монте-Альбанд хөгжингүй соёл иргэншил оршиж байв. Тэд архитектурын хувьд сонин содон шийдэл бүхий барилга байгууламж барьж, алт болон болор эдлэлээр чамин тансаг гоёл чимэглэл урладаг байж. 1931 оны намар археологичид тэндээс анхны томоохон булшны суурин илрүүлэв.
Альфонсо тэргүүтэй археологчид булшийг нээж ороод нүдэндээ ч итгээгүй гэдэг. Тэнд зөвхөн домогт л гардаг тэр бүхэн байлаа. Цул алтан хөөмөл чимэглэлүүд, сувдан зүүлт, оюу, шүр, үнэт чулуун гоёл чимэглэл, хаш гэхчлэн эрдэнэсийн баялаг сан дээр орчихжээ. Харин тэр дундаас нэг гайхамшигтай содон сонирхолтой олдвор байсан нь Шипе Тотека бурхны алтан шуумал байв. Тэр багцаалбал 800 жилийн настай байв. Археологчдыг гайхшруулсан бас нэг олдвор гэвэл цэвэр байгалийн болроор урласан гавал байв.
1.2 м өндөр вишну бурхны цул алтан баримал
Ердөө гуравхан жилийн өмнө Энэтхэгийн Шри-Падманабхасвамын сүмээс хүн төрөлхтний гайхамшигт олдворуудын нэгийг илрүүлэв. Сүмийн зоорины хонгилд нэг тонн алтан зоос болон уут дүүрэн алмаз эрдэнэ /бриллиант/, үнэт чулуу байсан гээд төсөөл дөө.
Энэ баялаг хэдэн зууны турш хүн төрөлхтний хараа хяналтаас нуугдаж байсан нь сонирхолтой. Сүмийн эрдэнэсийн санд 1.2 м өндөр Вишну бурхны цул алтан баримал байсан нь үгээр илэрхийлэмгүй үнэт олдворт тооцогддог. Эрдэнсийн энэ санг нээсэн нь тун санамсаргүй явдал байв.
Засаг захиргааны төлөөлөгчид зоорины давхарт орж, тэнд байсан авдрыг нээх үеэр ийм баялаг байгааг илрүүлжээ. Засаг захиргааныхан сүмийн газар нутаг хэний харъялалд байх талаар нэгэн язгууртны гэр бүлтэй маргалдаж шүүхэд зарга мэдүүлжээ. Засаг захиргааныхан шүүхэд ялж заргаа авсны дараа тэрхүү ариун сүм рүү орсон нь тэр байв.
“Ур” хотын алтан дуулга
“Ур” бол өмнөд Месопотамид оршдог манай гаригийн хамгийн эртний хотуудын нэг. Хотыг 1922 оноос судалж эхэлжээ. Хотын газар нутагт 1930-аад оны дунд үеэс малтлага хийж эхэлсэн байна. Тэнд археологчдыг амжилт аз л хүлээж байлаа.
Малтлагын багийг Оксфордын их сургуулийн төгсөгч, Английн археологич Леонард Вулли толгойлж байв. Хэдийгээр тэр өмнө нь энэ хавийн малтлагад оролцож байсан ч эрдэнсийн сантай учирч байсангүй. Археологчид тэр хавийн 2000 орчим булшийг судлах учиртай байв. Тэдний хувьд нэг л хэв маягийн эдгээр булшийг судлах нь дэндүү уйтгартай ажил байлаа.
Гэвч судлаачид нэг зүйлийг анзаарав. Булшны дор дахиад нэг булш бунхан байгааг тэд тогтоов. Энэ бол үнэхээр сюрприз байлаа. Эртний “Ур” хотынхон их зальжин хүмүүс байсан бололтой. Археологчид тэр нуугдмал булшнуудаас алтан аяга, хутга, бөмбөлгүүд гэхчлэн арвин олдворыг олжээ. Тэндээс хамгийн сонирхолтой нь алтан дуулга байв. Алтан дуулганы ур хийц археологчдыг алмайруулсан гэдэг.
Флоридоос олдсон далайн дээрэмчдийн эрдэнэс дөчин жилийн турш эзэнгүй хэвтсэн 5.5 тонн алт
Эрдэнсийн эрэлчин Барри Клиффорд 1984 онд Флорид мужийн эргийн уснаас далайн дээрэмчдийн эрдэнэсийн сан олжээ. Тэрхуү газарт дээрэмчдийн хөлөг онгоц сүйрсэн байсныг олж тэндээс нийтдээ таван тонн орчим үнэт эрдэнэсийг олжээ. Тэрхүү эрдэнэс тухайн үедээ 15 сая ам.доллараар үнэлэгдсэн юм.
Трое хотын дуулиан дагуулсан олдвор алтан дуулга
Генрих Шлиман 1873 онын тавдугаар сард алдарт Трое хотод малтлага хийжээ. Энэ үеэр илрүүлсэн эрдэнэсийн зүйл нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн их дуулиан шуугиан дагуулсан билээ. Энд нэг дороос 12 мянган ширхэг алтан эдлэл олсноос хамгийн үнэ цэнэтэй нь алтан аяга таваг, бугуйвч, ээмэг зүүлт, бүс зэрэг байв.
Дөчин жилийн турш эзэнгүй хэвтсэн 5.5 тонн алт
1942 оны дөрөвдүгээр сард тэр үеийн ЗХУ-ын Мурманск хотоос үнэт ачаа бүхий хөлөг онгоц Английг зорив. Энэ хөлөг онгоцонд 5.5 тонн алт ачсан байлаа. Харамсалтай нь хөлөг онгоц замдаа халдлагад өртөж живжээ. Тэр цагаас хойш хөлөг онгоц усан дор олон арван жилийг өнгөрөөж, энэ их алт “эзэнгүй” хэвтжээ. Дөнгөж 1980 онд л хөлгийн живсэн газрыг нарийн тогтоож чадсан байна. Ингээд 1981 оноос хөлгийн ачааг газар дээр гаргах ажиллагааг эхлүүлэв. Гулууз алтан дээр “Сделано в СССР” гэсэн бичиг байжээ.
Арышкины уул овоо шиг мөнгө
2012 оны гуравдугаар сард ОХУ-ын Петербург хотын Нарышкины харшийг нөхөн сэргээх ажпыг эхлүүлэв. Энэ үеэр цайзын нэгэн өрөөнөөс уул овоо шиг их мөнгөн сав суулга олдов. Эдгээр сав суулгууд гайхалтай сайн, элдэв гэмтэлгүйгээр хадгалагдсан байв. Сав тус бүрийг цуу шингээсэн сонин, давуугаар нямбайлан ороосон нь мөнгийг ямар нэг исэлдэлтээс найдвартай хамгаалсан байжээ.
Стаффордширээс олдсон эрдэнэс
Терри Херберт хэмээх археологч 2009 онд англо-саксоны үед хамаарах эрдэнэсийн сан олжээ. Тэр нь нийтдээ 10 орчим кг жинтэй алт, үнэт чулуу, мөнгөн эдлэл байв. Эдгээрийн дотор шашны эд зүйлс, сав суулга, хуяг дуулга, зэр зэвсгийн зүйлс байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!