Украины нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас Москвагийн нисэх буудлуудын үйл ажиллагаа түр зогсов
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины дроны халдлагын улмаас ОХУ-ын нийслэл Москва хотын нисэх буудлууд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоож, 140 гаруй нислэг цуцлагджээ.
Бямба гарагийн өглөөнөөс хойш Украины 230 гаруй нисгэгчгүй онгоцыг Оросын нутаг дэвсгэрт устгасны 27 нь нийслэл Москва хот орчимд унасан тухай тус улсын батлан хамгаалах яам өчигдөр мэдээлсэн байна.
Үүний улмаас нийслэлийн дөрвөн гол нисэх буудал түр хугацаагаар хаагдахад хүрснийг Оросын агаарын тээврийг удирдах газар мэдээлжээ.
Москвагийн нисэх буудлууд 24 цагийн дотор 10 удаа хаагдсаныг Ням гарагт Оросын Тур Операторуудын Холбоо баталсан байна.
Москвагаас баруун өмнө зүгт оршдог Калуга мужид Бямба гарагийн өглөөнөөс хойш үргэлжилсэн Украины дроны халдлагын улмаас Калуга Олон Улсын Нисэх буудлын үйл ажиллагаа түр хугацаагаар зогсжээ.
Тус мужийн нутаг дэвсгэрт нийт 45 дроныг устгаснаа ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр мэдээлсэн юм. Ижил хугацаанд Ростов, Брянск мужийн нутаг дэвсгэр болон Хар тэнгисийн дээр Украины дронуудыг устгаснаа бас мэдээлжээ.
Украины дроны халдлага Оросын агаарын тээвэрт саатал учруулсан анхны тохиолдол энэ биш юм.
Тавдугаар сард Украины талаас 24 цагийн дотор 500 гаруй нисгэгчгүй онгоцоор довтлох үеэр 60,000 гаруй зорчигчийн нислэг саатаж байжээ.
Нөгөө талаас Бямбаас Ням гарагт шилжих шөнө Оросын арми Украины нутаг дэвсгэрт агаарын довтолгоо явуулах үеэр гурван хүн алагдсаныг Киевээс мэдээлсэн байна.
Тухайлбал Донецк мужийн нутагт энэ үеэр хоёр хүн алагдаж, Сумы хотод орон сууц шатах үеэр 78 настай эмэгтэй амь үрэгджээ. Эдгээрээс гадна Харьков, Днепропетровск, Запорожье мужуудын нутаг дроны цохилтод өртсөн байна.
Энэ шөнө Оросын талаас харвасан 57 дроны 18-ыг устгаж, долоон дроныг удирдлагагүй болгосноо Украины зэвсэгт хүчин мэдээлжээ.
Бямба гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дайны галыг зогсоох ээлжит яриа хэлэлцээ эхлүүлэх саналыг Оросын талд тавьж байгаагаа зарласан билээ.
Үүний дараа Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков ерөнхийлөгч Путин энх тайван тогтоох яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа ч одоогоор зорилгоо биелүүлэхийг нэгдүгээрт тавьж буй тухай мэдээлжээ.
“Ерөнхийлөгч Путин аль болох түргэн хугацаанд энх тайван тогтоох хүсэлтэйгээ байнга илэрхийлдэг. Гэхдээ энэ бол урт удаан, амаргүй, хүчин чармайлт шаардсан үйл явц юм” гэж өчигдөр Песков телевизээр ярьсан байна.
Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энхийн гэрээ байгуулах 50 хоногийн хугацааг Оросын талд өгч, биелээгүй тохиолдолд хатуу хориг арга хэмжээ авахаа анхааруулсан.
Ням гарагт Песков энэ талаар ярихдаа “Түүний хатуу, шулуун хэл яриа бол нэгэнт бүгдийн мэддэг болсон, дассан зүйл. Үүний хажуугаар тэр бас энх тайван тогтоохын тулд боломжтой бүх зүйлийг үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа дахин дахин нотолж байгаа” гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
