Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн ахмад марафонч 114 насандаа автомашинд мөргүүлсний улмаас амиа алджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн ахмад марафонч гэгддэг Британи-Энэтхэгийн иргэн 114 настай Фаужа Сингх автомашинд мөргүүлсний улмаас амиа алджээ.

Энэтхэгийн цагдаагийн албаны мэдээлснээр Пунжаб муж дахь төрөлх тосгоныхоо замаар хөндлөн гарч байсан түүнийг үл таних машин мөргөөд зугтсан байна. Нутгийн иргэд Сингхийг эмнэлэгт хүргэсэн ч удалгүй амьсгал хураажээ.

Нас насны ангиллын уралдаанд оролцсон дээд амжилтаараа дэлхий дахинд танигдсан тэрбээр 89 настайдаа гүйж эхэлсэн гэдэг.

Сингх 2000-аас 2013 оны хооронд нийт есөн бүтэн марафонд оролцсоныхоо дараа зодог тайлсан юм.

Түүний үүсгэн байгуулсан гүйлтийн клуб, буяны сан болох “Sikhs In The City” байгууллага 1992 оноос хойш амьдарч буй Британийн Илфорд хотод нь дурсгалын цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болжээ.

Осол Даваа гарагт Жаландхар хотын ойролцоо оршдог Биас Пинд тосгонд гарсан байна.

Орон нутгийн цагдаагийн ахлагч Харвиндер Сингх “Мөргөсөн автомашиныг эрэн сурвалжилж байгаа. Хэрэгтнийг удахгүй барих болно” гэж мэдэгджээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди эмгэнэлдээ түүнийг “гайхамшигтай шийдэмгий тамирчин байсан” хэмээн магтсан байна.

Сингхийн дасгалжуулагч Хармандер Сингх “Хүн төрөлхтний бэлэг тэмдэг, эерэг үзэл санааг дэлгэрүүлэгч Фаужа Сингх ослын улмаас Энэтхэгт амиа алдсанд бид маш их харамсаж байна. Фаужагийн гүйлтийн клуб болон сан 2026 оны гуравдугаар сарын 29-ны Бямба гарагт болох төрсөн өдрийнх нь нэрэмжит уралдаан хүртэлх бүх арга хэмжээгээ түүний ололт амжилтыг тэмдэглэхэд зориулах болно” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн сард BBC сувгийнхан Фаужа Сингхтэй төрөлх тосгонд нь уулзахад тэр өдөр бүр хэдэн километр алхаж, хөдөлгөөний идэвхтэй амьдарч байгаагаа ярьж байв.

“Би хөлөө хүчтэй байлгахын тулд өдөр бүр тосгоныхоо гудамжнуудаар алхаж байгаа. Хүн өөрийн биед санаа тавьж, арчаатай амьдрах ёстой” гэж тэр хэлж байжээ.

2011 онд Торонто хотод зохион байгуулагдсан уралдаанд оролцохдоо Сингх бүтэн марафоныг амжилттай дуусгасан анхны 100 настан болж байв.

Дараа нь 2012 онд тэр Лондоны Зуны Олимпын бамбарыг буухиалан гүйж байжээ.

Гэхдээ 1911 онд төрснийг нь батлах гэрчилгээ олдоогүй тул Гиннесийн ном энэ амжилтыг бүртгээгүй байна.

Британийн иргэний паспорт дээр нь Сингхийг 1911 оны дөрөвдүгээр сарын нэгэнд мэндэлснийг тэмдэглэсэн байдаг. Британийн хатан хаан түүнд 100 насны төрсөн өдрөөр нь мэндчилгээ илгээж байжээ.

зураг
 

Харин түүнийг Энэтхэгт төрөх үед гэрчилгээ олгоогүй юм байна.

Пунжаб мужид өссөн Сингх багадаа хөл муутай хүүхэд байсан тул таван нас хүртлээ бие даан алхаж чаддаггүй байжээ.

“Би залуудаа марафон гэж үг байдгийг ч мэддэггүй байлаа. Би хэзээ ч сургуульд сураагүй, ямар ч спортоор хичээллэж байгаагүй. Би амьдралынхаа ихэнх хугацааг тариалангийн талбайд өнгөрүүлсэн хүн” гэж тэр ярьж байв.

Гэргий нь 1990-ээд оны эхээр нас барсны дараа Сингх ууган хүүгийн хамт Лондонд суурьшихаар нүүж байжээ. Дараа нь Энэтхэгт үлдсэн бага хүүгээ ослоор нас барахад тэр асар их эмгэнэн гашуудаж, чандарласан газарт нь олон цагаар суудаг болсон байна.

Санаа зовсон тосгоныхон ар гэрийнхэнтэй нь зөвлөлдсөний эцэст түүнийг Лондонд буцааж байжээ.

Лондоны ойролцоо оршдог Илфордод очсоныхоо дараа Сингх нэг өдөр гудамжинд гүйж байсан хэсэг өндөр настантай тааралдсан байна.

Энэ үеэр тэр хожим өөрийнх нь дасгалжуулагч болсон Хармандер Сингхтэй танилцжээ.

Улмаар Сингх 89 нас хүрэхээсээ нэг сарын өмнө буюу 2000 онд Лондоны марафонд оролцсон нь түүний анхны уралдаан болсон юм.

Энэ уралдааныг тэр зургаан цаг, 54 минутын амжилтаар дуусгаж байжээ.

Лондоны марафонд гурван жил дараалж гүйхдээ тэр анхны амжилтаа есөн минутаар ахиулсан юм.

Сүүлд 2003 оны Торонтогийн марафонд оролцохдоо Сингх хувийн амжилтаа нэг цаг таван минутаар ахиулж, уралдааны замыг таван цаг 40 минутад дуусгасан байна.

Уралдаанд оролцохдоо тэр үргэлж толгойн өмсгөлтэй гүйдэг байсан тул олны дунд “Турбантай Торнадо” хэмээн алдаршсан юм.

Хамгийн сүүлд 2013 онд Хонконгийн марафонд Сингх 10 км зайг нэг цаг, 32 минут, 28 секундийн амжилтаар дуусгаж байжээ.

“Бага идэж, их гүйж, аз жаргалтай байх нь миний урт наслалтын нууц юм. Би бүх хүмүүст үүнийг захимаар байна” гэж тэр сүүлчийн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.

Амьдралынхаа сүүлчийн жилүүдийг тэр Британи, Энэтхэг улсуудын хооронд өнгөрүүлжээ.

 

Эх сурвалж: BBC