Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа.
Төрийн хүндэтгэлийн зоогт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито,
Эрхэм дээд Хатан Масако,
Эрхэм хүндэт зочид оо,
Монгол Улсын төрийн тэргүүний урилгыг хүлээн авч, төрт ёсны эртний түүхт, нүүдлийн соёл иргэншлийн өлгий нутаг, Их Монгол Улсын ариун гал голомт манай сайхан улсад нар, хур тэгширсэн зуны энэ дэлгэр сайхан цагт төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако болон бусад зочид, төлөөлөгч Та бүхэнд өлзий учрал бүрдсэн үдшийн мэндийг өргөн дэвшүүлье.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Та Эрхэм дээд Хатны хамтаар хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочны хувиар оролцож байгаа нь манай ард түмний баяр дээр баяр нэмсэн бэлгэ дэмбэрэлтэй сайхан учрал болж байна.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын Монгол Улсад хийж буй төрийн анхны айлчлал нь нийтлэг үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан манай хоёр улсын найрсаг харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн мөнхөрч, ард түмэн хоорондын элгэмсэг дотно нөхөрлөлийг улам бэхжүүлж, ирээдүй хойч үеийн төлөөлөл болох хүүхэд, залуучуудын андлал, нөхөрлөлийн гэгээн тэмүүллийг хөглөн бадраах онцгой чухал, түүхэн үйл явдал болж байна.
Монгол Улс, Япон Улсын үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд, ард иргэдийн чин сэтгэл, итгэл, зүтгэлийн үрээр манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тууштай хөгжин дэвжиж, эдүгээ “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүрч, хоёр улсын найрамдал, нөхөрлөл бүхий л салбарт гүнзгийрэн бэхжиж буйг тэмдэглэхэд сэтгэл хангалуун байна.
Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатантаан,
Монгол, Японы ард түмэн бол мянганыг өртөөлөн хүн-байгалийн хүйн холбоо, сүнслэг оршихуйн шүтэн барилдлагыг дээдлэх өв соёлын нандин учгаар ижилссэн, ээнэгшин дотносох сэтгэлийн ерөөл, алтай язгуурын нэгэн угшилт хэл бүхий “хөх толбот”-нууд билээ.
Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Таны хаанчлалын “Рэйва”-гийн эрин үед манай хоёр улс, ард түмнийхээ ээлтэй дотно нөхөрлөл, бат бэх итгэлцэлд суурилсан эрхэм түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлж, хамтдаа дэвжин хөгжих чин хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн бахдам сайхан түүхийг бид бүхэн цогцлоон бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.
Энэ ялдамд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Та Угсаа залгамжлагч Хунтайж байхдаа манай улсад 2007 онд айлчлах үеэрээ Морин хуурын чуулгын уран бүтээлчидтэй хамтран Сен-Санс-ын алдарт “Хун” аялгууг эрдүү хийл хөгжмөөр тоглож байсныг манай ард түмэн одоо хүртэл нандигнан дурсаж байдгийг тэмдэглэн хэлэхэд таатай сайхан байна.
Эрхэм хүндэт Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатан Таны монголчууд бидэнд ханддаг элгэмсэг дотно, халуун дулаан, чин сэтгэлийг манай ард түмэн ямагт мэдэрч, өндрөөр үнэлэн хүндэлдэг билээ.
Эрхэм хүндэт Цог Жавхлант Эзэн Хаан Та болон Эрхэм дээд Хатан Таны Монгол, Японы “хүн төвтэй” Тусгай стратегийн түншлэлийг улам бүр бататган бэхжүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх эрхэм үйлсэд оруулж ирсэн үнэтэй хувь нэмэр, гавьяа зүтгэлд тань Монгол төр, Монголын ард түмэн гүнээ талархаж, чин сэтгэлийн хүндэтгэл үзүүлж байна.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт хүндэтгэл үзүүлэх төрийн хүндэтгэлийн зоогт манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн эрхэм хүмүүсийн төлөөлөл Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатантанд гүн хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирснийг дуулгахад таатай байна.
“Хорвоогийн учрал тохиол бүхэн хувь ерөөл буйнх” хэмээх япон ардын хэлц үг байдаг билээ.
Монгол Улс, Япон Улсын эрхэм нөхөрлөл, найрсаг харилцаа манай хоёр улсын ирээдүйн сайн сайхны төлөө, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө өнө мөнхөд өргөжин цэцэглэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатантан Таныг өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилж, тухлан саатахыг хүсье" хэмээлээ гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
|